Н.Энхбаяраас илүү эрх мэдэлд санаархагч

2016 оны 2 сарын 18

Хүн нам дотор бүх зүйл тайван байгаа гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа ч ямар нэгэн байдлаар маргаан тэмцэл өрнөсөн нь үнэн болж хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шуугиад эхэллээ.

Сар шинийн өмнө ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хуучин Ерөнхий нарийн бичгийн даргын талынхны мэдэгдэж байгаагаар бол энэ нь намын дүрэмд харш үйлдэл аж. Хуралд оролцсон дийлэнх олонхийн саналын дагуу шийдэгдсэн асуудлыг эсэргүүцэж, элдэв шуугиан дэгдээснээрээ эксгенсекийг дэмжигчид намаа “алаад” эхэллээ. Нэгэнт өөрсдийнх нь  сонгосон дарга Удирдах зөвлөлөө хуралдуулаад шийдвэр гаргасан байхад ингэж “гал асааж” хамгаалаад намынхаа нэрний үнэтэй “дайн” хийх хэрэг байгаа гэж үү.

ХҮН-ын генсек Т.Доржхандыг яагаад үүрэгт ажлаас нь чөлөөлөв, тэр ямар алдаа дутагдлын улмаас албан тушаалдаа таарч тохироогүй талаар   хэвлэлд бичсэн. Түүнийг хамгийн гол нь намынхаа журмын нөхдийн хүндэтгэлийг алдаж, итгэлийг нь хөсөрдүүлсэн гэж үзсэн.  ХҮН байгуулагдсан цагаас эхлэн бүх эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн нь гол алдаа болсон гэнэ. Намын хяналтын дээд байгууллага “Хариуцлагын ерөнхий хороо”-ны даргаараа эрх ашиг нэгтэй, сонирхлын зөрчилтэй хүн тавьсан нь бас намынханд нь таалагдаагүй байна.  Чөлөөт ардчилсан нийгэмд намын өндөр албан тушаалтан эрх мэдэл хяналтын хэт төвлөрлийг өөртөө  бий болгосон нь намынхныхаа итгэл алдах гол шалтгаан болжээ.

Бас нэг үнэхээр цочирдом мэдээлэл гарсан нь ХҮН-ын хуучин генсек тус намыг  анхлан байгуулалцаж, төдийгөөс өдий хүртэл хамтран зүтгэж байсан намын эрдэмтэн залуусаасаа мөнгө нэхэж, УИХ-ын жагсаалтанд оруулахгүй гэсэн сурагтай. Энэ үнэн бол ХҮН ийм хүнээс эртхэн салах нь зарчмын асуудал. Энхбаяраас илүү эрх мэдэлд дурлагч гэж түүнийг нэрлэж байгаа гэнэ. Тэр албан тушаалаас огцорсноо хүлээн зөвшөөрөхгүй намын тамга тэмдгийг хууль бусаар авч, өөрийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нотлох хуурамч бичиг баримтыг садан төрлийнхөө  П.Ганзоригоор /Хариуцлагын ерөнхий хорооны халагдсан даргаар / гаргуулжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна