УИХ-ын дээр утаа уугиж эхэллээ

2016 оны 2 сарын 18

УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч Даваа гаригт буюу энэ сарын 15-нд нээлтээ хийхээр товлосон ээлжит бус чуулганыг гацаах МАН-ын бойкот үргэлжилж байна. Өнөөдөр 9.00 цагаас ээлжит бус чуулганыг нээхээр хуралдааны танхимд АН-ын 34, ИЗНН-ын нэг, “Шударга ёс” эвслийн хоёр гишүүн бүтэн нэг цаг 30 минут хүлээсний эцэст ирц 39-д хүрээгүй тул өдрийн 14.00 болгон хойшлуулсан юм.

Ч.Сайханбилэгийн толгой дээр асч байсан гал ээлжит бус чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр жагсаасан нь З.Энхболдын “хар толгой” дээр утаа болон уугиж эхэллээ.

Чуулганы хуралдааныг эхлүүлэхээр УИХ-ын дарга З.Энхболд “Намын бүлгүүд ирцээ бүрдүүлье. Гишүүд танхимдаа ирье. Намрын чуулганаар эцсийн найруулгыг нь хийгээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэж дуусгахгүй бол хавраас хэрэгжиж эхлэх боломжгүй болоод байна” хэмээн учирласан ч сөрөг хүчний зүгээс Ардчилсан нам 100 хувь ирцээ бүрдүүлээгүй гэдгээр шалтаглан чуулганы танхимд орж ирсэнгүй. Үүнийгээ “Бид чуулганы хуралд оролцвол хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Үндсэн хууль зөрчсөн болчих гээд байна" гэж МАН-ын бүлгийнхэн тайлбарлаж буй. С.Бямбацогтын хэлсэн үгнээс үзвэл МАН-ын бүлэг ээлжит бус чуулганд оролцох огтын сонирхолгүйн дээр ирэх сонгуулийн босгон дээр эрх баригч намын даргыг спикерийнх нь суудлаас авч хаях хаврын улс төрийг эхлүүлэх нь тодорхой болов.

Ийнхүү сар шинийн өмнө Ч.Сайханбилэгийн толгой дээр асч байсан гал ээлжит бус чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр жагсаасан нь З.Энхболдын “хар толгой” дээр утаа болон уугиж эхэллээ.

УИХ болон Цэцийн дунд үүссэн маргаан лавшрах тусам Монголын төр намуудын барьцаанд орж, парламент нь гацаж, засаг нь танхимынхаа сайдыг ч томилж чадахгүй новширч сууна. Арваннэгдүгээр сарын 11-нд авлигын хэргээр Эрүүл мэнд, спортын сайдыг нь АТГ-аас баривчилснаас хойш  бүтэн гурван сар эрүүл мэндийн салбар нь эзгүй, Н.Энхбаяр гэх хүний Шадар сайд болох холын шунал саарал ордны улс төрд будилаан тариад зогсохгүй Монголын төрийн ажлыг уяад  удаж байгаа юм.

МАН+Цэц

Оюутолгойн асуудлаар Ч.Сайханбилэгийг огцруулахаар Г.Уянга, О.Баасанхүү, С.Ганбаатар нартай хавсраад ч унагааж чадаагүй, нэг нэр хоёр хочтой үлдсэн МАН-ынхан энэ удаад Үндсэн хуулийн Цэцтэй хамтарч З.Энхболдыг унагах улс төрөө эхлүүлэв. Хэрэв  хүн нь гүйцэж, УИХ чуулганы хуралдаанаа эхлүүлбэл Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хэргээр Цэцийн дарга чөлөөлөгдөх нь нэгэнтээ тодорхой болсон. МАН-ын бамбай дор нуугдаж, УИХ-тай “дайн зарлаад” байгаа Цэцээс Үндсэн хуулийг зөрчсөн гэх нэр бүхий иргэдийн гомдлоор УИХ-ын даргад маргаан үүсгэж, хариуг нь бариад байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ нь Цэцийг, Цэц нь УИХ-аа барьцаанд оруулсан энэ асуудлыг МАН-ынхан өөртэй ашигтайгаар улстөржүүлэхийг оролдож байна.

“Хүн олдвол хэрэг тохох амархан” гэгчээр өлгөөд авах асуудал гарвал Ч.Сайханбилэгийг эсвэл З.Энхболдыг огцруулахаас өөрийг бодохоо байсан МАН-ынхан ээлжит бус чуулганыг бойкотлохын хэрээр цаана нь эдийн засагт хийгдэж байгаа томоохон реформууд гацаж болзошгүйг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав сануулах болсон билээ.

Хэрэв эдийн засагт хийгдэж байгаа энэ шинэчлэлт гацах юм бол Ил тодын хуулиар 14.4 их наядын хөрөнгийг ил болгоод ч ашиг тусгүй. Иймээс л Цэцийн хэрүүл дээр хошуу нэмэрлэж, төрийн ажлыг гацааж байгаа МАН-ын бүлгийг хуралдаа суухыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл шаардах болсон юм. Энэхүү ээлжит бус чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах тухай хуулийн эцсийн найруулгыг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан бий.

Үндсэн хуулийн 64.4-т заасан “Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татна” гэх ганцхан заалтаар Ж.Амарсанааг авч хаях боломжтой тул МАН-ынхан ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй “бойкотлох”, хэрэв З.Энхболд ирцээ 39-д хүргээд чуулганаа эхлүүлбэл, эцсийн аргаа хэрэглэж спикерийн суудлаас нь огцруулах асуудлыг өргөн барих тактик боловсруулсан илт.

МАН+Цэц+МАХН

Цэцтэй нэг талд гарч, Ардчилсан намтай “байлдаж” байгаа Ардын намын улстөр дээр эрх баригчдыг барьцаалах улс төрийг Н.Энхбаяр гарамгай хийж байна. Түүнийг "Шадар сайдад нэр дэвшвэл дэмжинэ" гэж Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн нь МАХН-ын даргад саймширч байгаа МАН-ын арга заль.

Ээлжит бус чуулганыг эхлүүлэхгүй "бойкот" зарласан хүмүүс нь өнгөн дээрээ МАН боловч цаад хөшгийг нь сөхөөд үзвэл  Н.Энхбаяр Монголын улс төрийн хувьд “үхээд боссон сүнс” л болж дээ.

ИЗНН-тэй нэгдэх санамж бичигт Ардчилсан нам гарын үсэг зурсан нь Ардын намд үсэрсэн цус, тасарсан махтайгаа эвлэрч, нэгдэх их хүсэл төрүүлсэн байж таарна. Дээр нь З.Энхболдын эсрэг эхлүүлсэн МАН-ын улс төрд Н.Энхбаярын хүч, хүмүүс нь хэрэгтэй.

Ч.Сайханбилэгийг огцруулах төлөвлөгөө нь амжилтгүй болоход “Шударга ёс” эвслийн оролцоо их байсныг мэдрээ ч биз, хараа ч байлгүй. Тиймээс “хаанчилж” суусан саарал ордондоо буцаж орохыг мөрөөдсөн Н.Энхбаярын Шадар болох шунал дээр дөрөөлж чадвал З.Энхболдыг унагааж чадна гэж улс төрийн тохиролцоо, тооцоог МАХН болоод МАН-ынхан  хийсэн гэлтэй.

Энэ бүгдийг, АН, МАН-ын хооронд, УИХ, Цэцийн дунд болж байгаа зодооныг зөвхөн  өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлж байгаа хүн бол Н.Энхбаяр. Өнөөдрийн өнцөгөөс харвал УИХ-ыг гацааж, төрийг барьцаалж байгаа ганц улстөрч бол тэр л болж байна. МАН-ын бойкот түүний хорон тоглолт, холын шуналын хажууд юу юм бэ? гэмээр.

Ээлжит бус чуулганыг эхлүүлэхгүй "бойкот" зарласан хүмүүс нь өнгөн дээрээ МАН боловч цаад хөшгийг нь сөхөөд үзвэл Н.Энхбаяр Монголын улс төрийн хувьд “үхээд боссон сүнс” л болж дээ.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна