Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг Улаанбаатар хотод байгуулна

2016 оны 2 сарын 18

Нийслэл, Олон улсын КОЙКА байгууллага, Азийн Сантай хамтран бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахаар тохиролцож өнөөдөр талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийг өөрсдийн жижиг, дунд бизнесийг эхлүүлэхэд шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, сургалт явуулах, уулзалт хийх, бизнесийн бусад үйлчилгээ явуулах зай талбайгаар хангагдсан бизнес төвийг  Улаанбаатар хотод байгуулж, энэ оны 7 сард нээн ажиллуулахаар боллоо. Энэхүү төсөлд КОЙКА байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Санамж бичиг үзэглэх ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хэлсэн үгэндээ “Бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдэд ямар хэлбэрийн дэмжлэг хэрэгтэй байгааг гярхай олж харан туслалцаа үзүүлэхээр бидэнтэй хамтран ажиллах болсон КОЙКА байгууллага болон Азийн сангийн төлөөлөгч нарт талархаж байгаагаа илэрхийлье. Бидний эхлүүлсэн энэхүү төсөл эмэгтэйчүүдийн амьдралд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Азийн сангаар дамжуулан хэрэгжих энэхүү төсөл хотын иргэдийн эдийн засгийн хөгжил болон бизнесийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг арилгахад   ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

Төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн бизнес төв нь сургалтын байнгын хөтөлбөр, төрөл бүрийн бизнесийн үйлчилгээ болон бизнесээ хөл дээр нь босгох, биеэ даах хүртэлх хөтөлбөр бүхий цогц бизнес үйлчилгээний багцыг бий болгон хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг өөрсдийн бизнесийг эхлүүлэх болон хөгжүүлэхэд зориулсан бизнесийн үйлчилгээ болон бие даалгах, санхүүгийн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий бизнес инкубатор төвийг байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна