АСЕМ-д зориулсан тохижилтын ажил ирэх сард эхэлнэ

2016 оны 2 сарын 18

“ТОРГОНЫ ЗАМ”-ЫН ХӨШӨӨНИЙ ТЭМЭЭГ ЕС БОЛГОНО

Улаанбаатар хотод ирсэн зочид ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг 13 гудамж талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ. Долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно. Тэгэхээр гадаадын зочдыг ирэхээс өмнө нийслэл гудамж талбайн өнгө төрхөө сайжруулахад гурван сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Гудамж талбайн зам талбайг засах, шинэчлэх, ногоон байгууламжаар хүрээлэх ажилд 21 тэрбум төгрөг зарцуулна. Тохижилтын ажлыг гардан хийх Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаныхан одоогийн байдлаар бичиг цаасны ажлаа дууссан. Хаврын урь оронгуут гуравдугаар сараас бүтээн байгуулалтын газар шорооны ажлыг эхлүүлнэ гэсэн календаржсан төлөвлөгөөг гаргажээ.

Улсын эрс тэс уур амьсгалтай зохицуулан мод цэцгийг ихээр тарьж, ургуулахаар болсон байна. Ингэхдээ төв магистраль шугам явсан гудамжид тусгай савлагаатай модыг суулгана. Хөрс нь эвдэгдээгүй дахин дахин ухах шаардлагагүй газар хоёр метрээс дээш өндөртэй, 4-5 төрлийн мод тарина. Нэг мод 10-30 мянган төгрөгийн ханштай. Урьдчилсан байдлаар ойролцоогоор 4000 орчим модыг авч, суулган гэсэн тооцоог нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан хийсэн байх юм. Мөн ирэх гуравдугаар сараас хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд орчноо цэвэрлэж, тохижуул, халцарч, өнгөө алдсан байшин барилгаа будаж, шинэчил гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж, тохижилтын ажилд Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хяналт тавих юм.

Зөвхөн зочдод зориулж гудамж талбайгаа засаж, тохижуулахаас гадна төсөвт суусан хөрөнгөө үр дүнтэй, бодитой ажилд зориулъя гэсэн төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ тохижилт хийгдэх бүх зам талбайдаа тал талын судалгаа хийж, тусгай зураг төсөлтэйгөөр бүтээн байгуулалтыг хийнэ гэлээ. Жишээлбэл, эртний нүүдэлчин монголчуудыг илтгэх хагас дугуйрсан тэмээн цуваан хөшөөн жижиг макетийг боловсруулж, хөшөөг барихад бэлэн болсон байна.

2016 онд нийслэл нийт 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг хийх жагсаалтыг баталсан. Дээрх зам талбайн ажлын ихэнх нь АСЕМ-ийн уулзалтаас өмнө дуусах шаардлагатай. Ямартай ч хотынхон тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шахуу хөтөлбөртэйгөөр хийж, дуусгана гэсэн зорилт тавьсан байх юм. Гэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн дундуур зам гаргаж, “Шангри-ла” зочид буудалтай холбох зэрэг газартай холбоотой асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна