Вьетнамын футзалты шигшээ баг дуулиан дэгдээлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Вьетнамын футзалты шигшээ баг дуулиан дэгдээлээ

Узбекистан улсад зохиогдож буй Азийн футзалны аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

Шөвгийн наймд Японы хүчирхэг багийг вьетнамчууд буулган авснаар мөнгөн медалийн төлөө тоглох болсон нь энэ тэмцээний гол дуулиан байлаа.

Өчигдөр болсон Япон-Вьетнамын тоглолтын үндсэн цагт 3:3 онооны харьцаагаар тэнцжээ. Нэмэлт цагт Японы гол тоглогч Коари Морико эхний гоолийг хийсэн ч тоглолт дуусахаас 1 минут 51 секундын өмнө Вьетнамын Тран Тай Хёю тооны харьцааг дахин тэнцүүлсэн. Улмаар ялагч зургаан метрийн торгуулийн цохилтоор шийдэгдэхэд 2:1-ээр Вьетнамын баг хожсон юм. Тэд мөнгөн медалийн төлөө Ираны шигшээ багтай энэ сарын 19-ний өдөр тоглоно.

1999 оноос эхлэн зохиогдож эхэлсэн Азийн футзалын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийг Иран, Япон гэсэн хоёр баг л авч байсан түүхтэй. Ираны шигшээ баг 10 удаа түрүүлээд байгаа бол Японы баг 2006, 2012, 2014 онуудад нийтдээ гурван удаа цомыг өргөсөн. Ийнхүү сүүлийн тэмцээний аварга Японы баг хагас шигшээд үлдэж чадаагүй нь энэ тэмцээний гол дуулиан болж үлдлээ.

Нөгөө хэсгээс Тайланд-Узбекстан улсын багууд хагас шигшээд үлджээ.

ФУТЗАЛ: /ААШТ/

Хагас шигшээ:

  • Вьетнам – Иран (2.19)
  • Тайланд-Узбекстан (2.19)

Ж.ГҮЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж