Чуулганы ирц бас л бүрдээгүй байна

2016 оны 2 сарын 18

Өдрийн 14.00 цаг болгон хойшилсон УИХ-ын ээлжит бус чуулганы тов өнгөрөөд нэг цаг гаруй болж байгаа одоогоор эхлээгүй байна. Чуулганы танхимд АН, ИЗНН-ын гишүүд орж ирж картаа хийсэн байна. Харин “Шударга ёс” эвслийн гишүүн Л.Цог, Н.Батцэрэг нар чуулганы танхимын үүдээр эргэлдэж байгаа ч хуралдааны танхим руу орж ирсэнгүй.

Тэднийг чуулганд оролцох эсэхийг тодруулах гэсэн боловч Л.Цог гишүүн “Би юу ч хариулахгүй. Миний бие өвдөж байна. Толгой эргээд байна” гэсэн хариултыг өгч байгаа бол Н.Батцэрэг гишүүн “Би ямар ч асуултанд хариулахгүй” хэмээлээ.

Харин АН-тай нэгдэх саналыг хүлээж авсан ч хариугаа албан ёсоор өгөөгүй МҮАН-ын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн М.Сономпил, Г.Уянга нар өрөөндөө суугаад чуулганы ирцийн байдлыг ажиж суусан. УИХ-ын гишүүн Г.Уянгаас яагаад ээлжит бус чуулганд оролцохгүй байгааг тодруулах гэсэн боловч бас л тодорхой хариултыг өгсөнгүй.

УИХ-д суудалтай дээрх намуудын төлөөлөл болсон 73 гишүүнээс гадна чуулганы ирцийг бүрдүүлэх үүрэгтэй бие даагч гурван гишүүн бий. Тэдний төлөөлөл болсон Ц.Даваасүрэн гишүүн “АН-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ байж чадахгүй байна. Хэрэв ирц бүрдчихвэл оролцоно” хэмээлээ. Ийнхүү ээлжит бус чуулганы нээлт товлосон цагаасаа нэг цагаар хоцорч байгаа ч одоо хүртэл эхлэх эсэх нь тодорхойгүй байна.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна