Монгол, Японы хамтын ажиллагааны түүхийг дурсав

2016 оны 2 сарын 18

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 44 жилийн ойг тохиолдуулан Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийнхэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэл” сэдвээр өчигдөр дурсамж уулзалт зохион байгууллаа.

Дурсамж уулзалтад оролцогсод БНМАУ-ын сайд, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга асан Д.Салдангийн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985)” номонд бичигдсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа анх яаж үүссэн, энэ харилцааны анхны түүчээ нь болж бодитоор барьж байгуулагдсан “Говь” үйлдвэртэй холбогдох түүхэн баримтуудыг дурсаж, ярилцлаа.

Энэ номонд хоёр улсын бодит түүхтэй холбогдох баримтууд олноор тусчээ. Тухайн үед Монгол Улс анх удаа “хөрөнгөтөн” гэгдэх оронтой, тухайлбал, Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай хувьд цоо шинэ зүйл байжээ. Тодруулбал, 1973 он хүртэл аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байсан аж. Тэр тусмаа Монгол-Японы анхны эдийн засгийн хамтын ажиллагааны эхлэл нь олон улсын байдлын хувьд түүхийн онцгой цаг үед, хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд гарч ирсэн цоо шинэ хандлага, хэлбэр бүхий сонирхолтой нарийн төвөгтэй үйл ажиллагаа байжээ.

Тийм амаргүй нөхцөлд Японы Засгийн газрын буцалтгүй тусламж (Grant) авах хэлэлцээг эхлүүлэх, уг тусламжийн хэмжээг хүссэн хэмжээндээ хүртэл нэмүүлж батлуулах, урьд өмнө нь манайд байгаагүй шинэ техник, технологи бүхий үйлдвэрийг барьж байгуулах, ажиллуулах мэргэжлийн хүмүүсийг Японд сургаж бэлтгэх гэх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг жинхэнэ утгаар нь үүсгэн хэрэгжүүлсэн нь өнөөгийн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэн эхлэлийг тавьсан байна.

Энэ удаагийн дурсамж уулзалтад “Говь” үйлдвэрийг байгуулахад гар бие оролцож, хамтарч ажиллаж байсан ахмадууд, энэ түүхт төслийн шугамаар Япон улсад суралцаж төгссөн анхны оюутнууд, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шимизү болон Японы Элчин сайдын яамныхан, мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна