Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал хийв

2016 оны 2 сарын 18

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн МоАХ-ны дарга Х.Баттулга нар өнөөдөр /2016.02.18/ Монголын Ардчилсан холбооны анхдугаар хуралдааны 26 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монголын Ардчилсан холбооны анхдугаар их хурал хуралдсаны 26 жилийн ойн баярын өдөр. Энэ ойн баярын өдрийг тохиолдуулах хэвлэлийн хурал зохион байгуулж байна" гэлээ. Улсын Их Хурлын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга ойн өдрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Өнөөдрөөс 26 жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын түүхт үйл явдал болсон. Монголын Ардчилсан холбоо анхдугаар хурлаа хийж, тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн илтгэлээ ард түмэндээ танилцуулж байв. Илтгэлийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам уншиж, олон нийтэд танилцуулж байсан юм. Ардчилсан холбооны анхдугаар хурлаараа ерөнхий зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 35 хүн, тэргүүлэгч гишүүнээр 9 хүнийг сонгосон түүхэн үйл явдал болж байв.

Энэ хурлаас нийт ард түмэнд хандсан уриалга гаргаж байжээ. Мөн тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурал, Монгол ардын хувьсгалт намын төв хороонд өргөн барих бичгийг ард түмэндээ сонордуулж, өргөн барьсан хэмээн түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн нь 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалын партизанууд болон тухайн үед ардчилсан хувьсгалд оролцож байсан бүх хүнд ойн баярын мэндийн хүргэе” гэв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэвлэлийн хурлын үеэр 26 жилийн өмнө өрнөсөн тэрхүү үйл явдал нь монголчуудын амьдралд чухал дэвшил болсон гэдгийг тэмдэглэн хэлж байв. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйн улмаас хуралдахгүй байгаа талаар тайлбар хийлээ. “Бид энэ түүхт өдрийг тохиолдуулан хурал хийх үеэрээ өнгөрсөн хугацаанд Ардчилсан хүчин дангаараа засгийн эрх барьж байсан эсэхийг эргэн харсан. Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй. 1996 онд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан 51 гишүүнтэйгээр ирц бүрдсэн хэмээн тооцдог хуультай байлаа. Та бүхэн санаж байгаа бол 1996 оны Улсын Их Хурал эхний 2 сардаа хурлаа хийж чадаагүй. Тухайн үед Улсын Их Хуралд Ардчилсан хүчний 50 гишүүн сонгогдож байсан. Түүнээс хойш ч бид засгийн эрхийг дангаараа барих боломжгүй байжээ.

Өнөөдөр гадаадад томилолтоор ажиллаж байгаа Д.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы танхимд ирсэн. ИЗНН, МҮАН-ыг төлөөлдөг Улсын Их Хурлын гишүүд ч хуралдааны танхимдаа байсан. Харин МАН, МАХН-ын гишүүдээс нэг нь ч хуралдаандаа ирээгүй учраас ирц бүрдэхгүй байна. Бид Улсын Их Хурлын Тамгын газраар дамжуулан Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаандаа оролцохыг урьж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар эрх зүйн шинэтгэлийн үргэлжлэл болох чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Барилгын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн эцсийн редакцийн уншилт хийх ёстой байв. Эдгээр хуулийн өнөөдрөөс хэрэгжиж эхлэх боломжийг хааж, 04 дүгээр сар хүртэл хойшлуулахад хүрээд байна. Түүнээс гадна хоёр жилийн хугацаанд шат шатны байгууллага, мэргэжилтэн, судлаачид, олон нийтээр хэлэлцүүлэгдэн, боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын реформ болох Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэхээр Улсын Их Хурлын ирц бүрдэхгүйгээс хойшилж байна. Бизнесийн салбарынханы хувьд тун чухал, хүлээж буй шийдвэрүүд болох юм. Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл зэрэг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хуулийн төслүүд, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслүүд зэргийг батлах гээд чухал асуудлуудыг шийдвэрлэх ажил хүлээгдээд байхад Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй. 26 жилийн өмнө энэ өдөр Ардчилсан холбоо хуралдаж байхдаа парламентын гишүүд нь ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй байна гэж төсөөлөөгүй байх. Өнөөдөр түүхэн ой тохиож буй баярын өдөр, гэхдээ Улсын Их Хурал хуралдах ёстой. Улсын ажил тасралтгүй үргэлжлэн, явагдах учиртай. Ээлжит бус чуулган товлогдсон хугацаандаа төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцээд, дараа нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй” гэсэн юм. 

Мөн тус хэвлэлийн хуралд анхны Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж оролцсон юм. Тэрээр 02 дугаар сарын 18-ны өдөр бол Монгол Улсын шинэ үеийн түүхийн чухал тэмдэглэлт өдөр болохыг онцлоод  “26 жилийн өмнө Ардчилсан холбоо анхдугаар хурлаа хийж, тухайн үед ардчиллын төлөө нэгдэн нийлж байсан Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшил холбооны төлөөлөгчид оролцож байв. Тэр үед бид өнөөдрийг ардчилал бат суурьшсан, улс төрийн тогтвортой, улс төрчид нь ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээн ажилладаг байна гэж  төсөөлж байсан. Нийгэм, эдийн засгийн хувьд бидний төсөөлж байснаас ч илүү дэвшилт гарч. Бид өнгөрсөн 26 жилийн хугацаанд ардчиллыг хөгжүүлэх, суурьшуулах үүргээ ард түмэн, улс орныхоо өмнө бүрэн хүлээж, ажиллаж байсан. Гэхдээ бид асуудлыг шийдвэрлэхдээ заавал бусадтай нэгдэх, зөвшилцөх, дэмнэлцэх шаардлагатай байсаар ирсэн. Яг өнөөдөр ч ийм байдалд байна. Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байх нь 26 жилийн өмнө бидний тэмцэж, төлөвшүүлэхээр зорьж байсан улс төрийн эрх чөлөөний талаарх ойлголт биш. Ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд бол нэн чухал” гэлээ. Төгсгөлд нь Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өдгөөгөөс 26 жилийн өмнө ардчиллын төлөө нэгдэж, анхны хуралдаанд оролцож байсан Ардчилсан хувьсгалын партизанууддаа баяр хүргэхийн зэрэгцээ тэдний үйл хэргийг үргэлжлүүлж буй сэтгэл, зүтгэл нэгтэй хүний эрх, эрх чөлөөг улс төрийн эрх чөлөөтэй нэгдмэл болгож авч явж буй нөхдүүддээ ойн баярын мэнд хүргэсэн юм. 

Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаан явагдахгүй байгаа талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Улсын Их Хурлын бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагддаг. Бид хуулиа дагаж ажиллана. Улсын Их Хурлын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй, ингэхдээ Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг сахих үүрэгтэй” хэмээн хариуллаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна