АН-ын бүлгийн гишүүд бухимдлаа илэрхийлэв

2016 оны 2 сарын 18

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх боломжгүй байгаад гишүүд байр сууриа илэрхийлж, МАН, МАХН-ын гишүүдийг цалингаа авдаг шигээ ажлаа хийхийг сануулав.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Татварын иж бүрэн хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсэг хоёр жил ажиллаад УИХ-д өргөн мэдүүлсэн. Ээлжит бус чуулганаар энэ төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой. Ээлжит бус чуулганаа хийж чухал хуулиудыг батлахгүй бол бидэнд цаг алга.

Монголын эдийн засгийг эрх зүйн хүндрэлээс нь сэргийлэх хууль батлах шаардлагатай. Тийм учраас гишүүд УИХ-ын үндсэн ажилдаа оролцох ёстой. Улс төрийн намууд хоёрдугаарт эрэмбэлэгддэг эрх ашгаа огоороод иргэдийн эрх ашгийг бодоод ажлаа сайн хийж өрсөлдөөч ээ. Улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс төрийн ажлыг зогсоож болохгүй,  хуралдаа оролцооч ээ гэж уриалмаар байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: УИХ-ын гишүүний тангараг өргөсөн мөчөөс төрийн эрх барих эрх нээгдэж байгаа. Эрх бариагүй юм бол яагаад УИХ-ын гишүүний эрхийг эдлээд сууж байгаа юм. Олонхи, цөөнх болж маргалдах нэг өөр. Хоёрдахь, гурав дах хүчин ч бай ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн “ Танайх арай олон гишүүнтэй хариуцлагаа хүлээ.  Бид цөөнх хариуцлага хүлээхгүй” гэж хэлж байгаа нь хариуцлагагүй явдал.

Ардчилсан нам 35 гишүүнтэй, шийдвэрээ гаргаж чадахгүй байна. Бусад улс төрийн хүчинтэйгээ хамтарч ажиллах, төрийн хууль тогтоомж гаргах чиглэлээр бүхий л гарцыг хайж ажиллаж байгаа. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, үүрэг хариуцлагаа хүлээж ажилдаа орохыг уриалж байна.

УИХ-ын гишүүн М.Зоригт: МАН-ын бүлгийн гишүүд өрөөндөө байгаа гэх ч орон нутагт ажиллаж байгаа, зарим нь далайн эрэг дээр шумбаж байгаа олон гишүүн бий. Твиттер, фейсбүүк дээр зургаа тавьсан байна билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгохоос нааш ээлжит бус чуулганы нээлтэд оролцохгүй гэж байгаа МАН-ыг ойлгохгүй байна. Авлигын хэрэгт холбогдсон хүнийг МАН яагаад дэмжих болов.  

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж: Эрх барих тухай ойлголтыг гишүүд хөндлөө. Үндсэн хуульд ард түмэн сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрхээ эдлэхээр заасан. Төлөөллийнх нь байгаа байдал энэ.  Эрх барьж байгаагаараа ирцээ бүрдүүл, ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаа орно гэдэг болсон. Ард түмний элч л болсон бол эрх барьж байгаа. Ингэх юм бол УИХ-д сонгогдохын хэрэг байхгүй, нам нь сонгуульд оролцохын ч хэрэг байхгүй.

УИХ 1996-2000 онд хүнд үеийг давж гарсан. Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдэг. Тэр үеийн МАХН/одоогийн МАН/ засаглах эрхийг өөртөө булааж аваад чуулганы хуралдаанд орж ирдэггүй байсан, 25 гишүүн нь. УИХ үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй сар гаруй болсон. Ерөнхий сайдаа томилж чадахгүй зургаан сар үүрэг гүйцэтгэгчтэй явсан. Ийм байдлаасаа гарах цаг хэдийнэ болсон. Түүнээс хойш 20 гаруй жил болсон шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Урьд өмнө болоогүй шившигтэй үйлдэл. Намууд яаж ялзарсны илрэл. Монгол Улс хөгжих таатай боломж бүрдсэн. Хэн хөгжлийг зогсоож байна вэ гэвэл намын эрх ашиг хөгжлийг зогсоож байгаа нь бодит үнэн. Намын бүлэглэлүүд хөгжлийг зогсоож байна. Намуудыг хариуцлагажуулах ёстой гэтэл Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцээгүй. Гэтэл хувь хүний эрх ашгаар төрийн ажил гацааж байна. Олон жил парламентад сууж байгаагийн хувьд Монгол Улсын ирээдүйг баллаж байгаа зүйл бол улстөрийн намууд. Би олон удаа гуйсан, Улс төрийн намуудын хуулийг баталъя гэж...  Дэлхий дахинд ийм ялзарсан намуудыг татан буулгадаг. Улсын мөнгөөр сонгууль хийдэг, улсын өмчийг намынхаа өмч болгочихдог ийм намыг дэлхийд байхгүй болгодог байхад бид өөгшүүлээд байгаа учраас хөгжихгүй байна. Энэ ард түмэн дандаа гундангүй явж байна, бид ч бас гундангүй сууж байгаа биз дээ. Ажил  явах гээд байдаг намууд чөдөрлөөд сууж байна. Улс төрийн намын тухай хуулиа яаралтай өргөн барь, баталъя. Хэнээс юунаас айгаад байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хоёр гурван өдөр МАН, МАХН-ын гишүүдийг харж сууж байна. Хамтарч Засгийн газар байгуулсан нөхдүүдийг ирц бүрдүүлэхгүй байгаад гайхаж байна. МАХН-ын дарга өөрийгөө Шадар сайд болго гэж тулгалт хийсэн. Монгол төрийн хаалгаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг дахиж битгий оруул. Ийм хэрэг хийсэн бол зайл гэж хэлж байгаа. Авлигатай тэмцэх газраас ийм хүнийг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэнд талархаж байна.

Монгол төрөөр тоглодог байсан нөхөд сайд болгохын тулд 200 саяын авлига авдаг байсан хүн  Монгол төрийн ажлыг гацаагаад сууж байгаа. Тэрийг зайлуул. Намынхаа нөхдөөс авлига нэхдэг, мөнгө нэхдэг хүнийг албан тушаалд томилодог хүн нь Н.Энхбаяр. миний найз О.Магнай Н.Энхбаярыг Шадар сайд бүү болгоорой гэж захисан. Үүний төлөө би хатуу зогсоно.

МАН-ынханд хандаж хэлэхэд, 1999 онд коммунист намыг татан буулгаагүйн зовлонг бид эдэлж байна. Миний найз О.Магнай МАН-ыг алуурчдын нам гэдэг. Монголын авлигачдын нам, Монголын алуурчдын намаар Монголын ард түмэн дутахгүй, Монголын ард түмэн хэзээ ч уучлахгүй. Малыг нь хураасныг уучлахгүй. Өнөөдөр түр ажил гацааж байгаа, үргэлж гацааж чадахгүй. Ажлаа тасалсан гишүүнийг эргүүлэн татдаг хуулийн төслийг миний бие болон Ерөнхийлөгч өргөн мэдүүлнэ.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна