Тэд бидний тухай: Монгол заналхийлж байна

2016 оны 2 сарын 19

Байгал нуурын гол цутгалан Сэлэнгэ мөрний савд гурван усан цахилгаан станц барихаар Монгол зарласан нь байгалийн цэнгэг усны томоохон нөөцөд нөхөгдөшгүй гай тарих аюулыг агуулж байна.

Орост нэр хүндтэй «Эксперт» сэтгүүл Монголын заналхийлж буй аюул гэсэн сэдвээр материал нийтэлжээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт гурван усан цахилгаан станц бариулах төсөл дээр ажиллаж, түүний санхүүжилтийн талаар тохиролцсон гэх мэдээлэл нь сүүлийн хоёр жилд Байгал нуурт учирч байгаа аюулын нэг нь болж байна.

Анх 2014 оны намар Байгал нуурын усны төвшин Номхон далай төвшний нөөцийн тогтоосон доод хэмжээнээс 456 метр хүртэл унасан тухай дэлхий мэдэв. Энэ байдал 2015 ба 2016 онуудад давтагдсан байна. Энэ жилийн хоёрдугаар сарын эхээр нуурын төвшин 11 см-ээр буурч 455,89 метр хүрчээ. Үүний шалтгаан нь хур  тунадас бага байсан, мөн нуурт зутгасан усны хэмжээ багассан явдал хэмээн эрдэмтэд тайлбарлав. Гэтэл усны төвшин 2016 оны дөрөвдүгээр сар гэхэд дахин 10-12 см-ээр багасна гэж тэд үзэв. Өнгөрсөн онд нуурын төвшин 12 см-ээр багассан юм. Асуудлыг нуурын төвшнийг өргөжүүлж байж л шийднэ гэж Оросын Байгалийн нөөцийн яам үзэж байгаа. Ус бага байгаа нөхцөлд  усны төвшнийг тогтоох хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Усны хэмжээ багассанаас гадна спирогира гэдэг  хорт  замаг ургамал Байгал нуурын эргийн бүсийг эзлэх болсон нь түгшүүрийн дохио гэж эрдэмтэд анхааруулав. Үүний улмаас усны шүүлтэд  идэвхтэй оролцдог  нуурын  мөөгөнцөр үгүй болж,  хортой нянгууд гарч иржээ. Ийнхүү зуун жилийн дотор нуурын тогтоц огцом өөрчлөгдөж буйг шинжлэх ухааны үүднээс анх удаагаа ажиглаж байгаа гэнэ.  Хорт замаг тархсан нуурын орчинд амьтад ус уухаа больсон гэнэ. Хорт ургамал тархсан нь нуурт ирэх жуулчдын тоо өссөн, мөн цэвэрлэх хэрэгсэлд байгаа фосфор нуурын усанд орсонтой холбон тайлбарлаж буй аж.

Монголын усан цахилгаан станцуудын тухайд...

“Бид энэ байгууламжийн эсрэг тууштай зогсож байгаа. Монголд нар, салхины станц гэсэн нөөц, боломж бүрэн байгаа шүү дээ” гэж «Гринпис Россия»  эрчим хүчний хөтөлбөрийн удирдагч Владимир Чупров өгүүлж байна. “Сэлэнгийн ус нь Монголын УЦС-уудын  усан санг дүүргэтэл багасах юм. Ингэснээр Байгал нуурын төвшин эрс багасна гэсэн үг. Дараа нь мэдээж олон жилийн урсгалын хэмжээ нь сэргэнэ. Гэхдээ урсгалын саруудын дунд хуваарилах зүйл гарч ирнэ. Энэ нь мөн л Байгал нуурын эко системд хүнд цохилт болно. Үүний зэрэгцээ УЦС-ууд баригдах бүс нь газар хөдлөлтийн идэвхтэй өндөр түвшнийх гэдгийг хэлэх хэрэгтэй” хэмээн “Хил хязгааргүй гол мөрнүүд”  гэх олон улсын экологийн байгууллагын Оросын талын зохицуулагч Александр Колотов онцолжээ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр,  Байгалын сав нутгийн үнэ зүйлс болсон загас, жараахайнуудын үржилд УЦС барих нь сөргөөр нөлөөлөх гэнэ. Мөн усны байгалийн шүүлтийн үйл ажиллагааг тасалдуулах ажээ.

Чимээгүй суусангүй

Сэлэнгэ, түүн рүү цутгадаг Эгийн болон Орхон голыг түшиглэн монголчууд усан цахилгаан станц барих асуудал олон нийтийн анхааралд хоёр жил гаруй байгаа юм. Сэлэнгэ мөрөн («Шүрэнгийн УЦС», хүчин чадал нь  245 МВт) мөн Орхон гол дээр далан барихыг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ зарласан Дэлхийн банк байгаль хамгаалагчдын шахалт дор Байгал нуурт цутгадаг голууд дээр УЦС барих асуудлыг сайтар нягтлан үзэхээ амласан юм. “Бидний сонссоноор, тэрхүү төслийг Дэлхийн банк онцгой хяналтдаа авсан байгаа. Энэ зун  уг төслийг санхүүжүүлэх эсэх тухай эцсийн шийдвэрийг гаргах юм. Бидний гомдлын дагуу тав, зургадугаар сард тус банкны бас нэг шалгалт Буряд ба Монголд  ирнэ гэж бид хүлээж байгаа” гэж Александр Колотов уг сэтгүүлд өгүүлсэн байна.

Усан цахилгаан станцын экологийн бүх хүчин зүйлийг сайтар боловсруулан түүний Байгал нуурт үзүүлэх нөлөөг нягт судлан үзэхийг ЮНЕСКО-гоос Монголд хандан уриалсан. Харин Монгол төлөвлөснөөсөө ухрахгүй гэж байгаа бололтой. 

Сар гаруйн өмнө Монголын тал орос хэлээр хүрээлэн буй орчинд ямар нөлөөтэй байх үнэлгээг гаргах техникийн даалгаврыг хэвлүүлсэн байна. Мөн “Шүрэнгийн УЦС”-ын төслийн бүсийн экологийн үнэлгээг хийх үүрэг тэнд байсан юм. Тэр нь Буриадын оршин суугчдын дургүйцлийг төрүүлжээ. Буриадууд төр засгаасаа энэ талаар олон нийтийн  хэлэлцүүлэг явуулж, Монголын усан цахилгаан станцын талаар тэдний санаа бодол ямар байгааг  сонсохыг шаардсан байв.  Монголд олон нийтийн санал бодлын хэлэлцүүлэг  жилийн өмнө явагджээ.

Оросын нутаг дэвсгэрт Шүрэнгийн усан цахилгаан станцын талаарх анхны хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 8-нд  Сэлэнгийн цутгалан дээр орших Кабанск  сууринд болжээ. “Бүтэн жилийн турш бид Монголын болон Дэлхийн банкны талаас  Орост олон нийтийн санал бодлыг сонсох хэлэлцүүлэг явуулахыг шаардаж ирсэн нь амжилт олсонгүй. Энэ санаачилга бол иргэдээс гарч Кабанск  районы  захиргаа зохион байгуулсан юм” гэж  Александр Колотов хэлэв. Кабанск районы оршин суугчид УЦС-ыг бариулах сонирхолгүй байгаагаа хэлж,  өөр эх сурвалжаас цахилгаанаа хангахыг Монголд уриалсан байв.

Хятад  парадокс

Монголын ирээдүйн гурван төслүүдээс  Сэлэнгэ мөрний том салаа Эгийн гол дээр далан босгох  нь орос экологичдын сэтгэлийг  ихээр зовоож байна. Сэлэнгэ, Орхоны цахилгаан станцаас ялгаатай нь түүнийг Хятадын  «Эксимбанк», «Гэжоуба Интернейшнл» (China Gejuba Group Limited) санхүүжүүлж байгаа юм. Өнгөрсөн оны намрын сүүлчээр Монголын парламент нь “Эксимбанк”-тай 20 жилийн хугацаатай нэг тэрбум долларын зээлийн гэрээ байгуулахыг засгийн газартаа зөвшөөрсөн юм.  Түүний ихэнх нь буюу 703,5 сая долларыг нь Эгийн голын УЦС-д зарцуулах ажээ.  Өөр 102,5 сая долларыг 260 км-ийн өндөр хүчдэлийн шугам барихад зориулна. Харин дөнгөж 66,2 сая нь 12 мах комбинад барихад хэрэглээх юм.  Үлдсэн мөнгөөр нь Эрдэнэтийн ДЦС-ыг шинэчлэх, зам засах, техник мэргэжлийн сургалтын төвүүдийг бий болгох зэрэгт зарах гэнэ.

Эгийн голын станцын зураг төслийг боловсруулаад ирээдүйн усан зангилааны дэд бүтцийг байгуулах  ажлыг  эхлүүлсэн байгаа гэнэ.  “Торгон замын эдийн засгийн бүс” байгуулах Хятадын төлөвлөгөөний нэг хэсэг нь  энэ бөгөөд Эгийн голын УЦС-ын хүчин чадал нь 315 МВт байх ажээ.

Монгол өнөөг хүртэл Эгийн голын УЦС-ынхаа техникийн мэдээлэл, байгаль орчны нөлөөний талаар Орост мэдээлэл өгөөгүй байна. Бүрэн мэдээлэлгүй учраас орос мэргэжилтнүүд боломжийн эрсдэлийг тооцох  боломжгүй байна. Мөн тэр мэдээлэлгүйгээр бусад УЦС-ын  үнэлгээг гаргахад хүндрэлтэй ажээ.

“Сонирхолтой байдал үүсээд байна. Нэг талаас хятадууд Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлэх Монголын станцыг  санхүүжүүлж байдаг. Нөгөө талаасаа  Байгал нуур дээр жилд хоёр сая тонн ус савлах үйлдвэр барихаар ярилцаж байдаг. Логик нь хаа байна?” гэж  Байгал нуурын Бурядын бүсийн нэгдлийн захирал Сергей Шапхаев хэлжээ. Түүний хэлснээр  жилд хоёр сая тонн ус Байгалаас авах нь  нуурын экологид нөлөөлөхгүй аж.

Харин Монголын тал бүх эрсдэлийг  “ном журмын  дагуу тооцоолж чадахгүй” гэсэн  аюул экологичдод байгаа ажээ. Ер нь бол Монголыг цахилгаанаар хангах Оросын тарифын бодлого нь монголчуудыг ийм зам руу түлхсэнийг зарим шинжээч хэлсэн байв. Энэхүү Сэлэнгийн УЦС-ын болдлого нь Зөвлөлтийн төслүүд. Одоо түүнийг гарган тоосыг нь үлээгээд францчуудад өгч тэнгэрлэг дүрд оруулаад тэр төсөлтэйгөө санхүүгийн байгууллагуудаар явах болсон юм.  Одоо бид байх ёстой зүйлээ л эргүүлэн авч байна” хэмээн Александр Колотов хэлжээ.

Эгийн голын уцс-ын ажил урагшилсан ч  Монголыг  ятган эдгээр төслүүдийг зогсоож болно.  Тэдний оронд Говьд нарны станцуудыг бариулах,  Эрхүүгээс өндөр хүчдэлийн шугам  татан илүүдэл цахилгаанаар Монголыг хангах зэргийн боломжууд байгааг оросууд хэлж буй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна