“Ромео Жульетта”-гийн хөгжмөөр цахим цомог гаргана

2016 оны 2 сарын 19

“Ромео Жульетта” сонгодог жүжгийг 2015 оны арваннэгдүгээр сарын 12-нд Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийснээс хойш өнөөг хүртэл 10 гаруй мянган хүн үзжээ. Залуу хосын тэнгэрлэг хайрын үнэнч түүхийг илтгэсэн сонгодог жүжгийн хөгжмийг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн билээ. Тэрбээр Драмын театрт сарын хугацаанд амьдарч, өөрийгөө Ромео, Жульетта, Меркуцио, Тибальт гээд бүх л дүрээр төсөөлж, мэдэрснээр жүжгийн хөгжмөө бичсэн хэмээн хожмоо дурссан байдаг. Ромеог морин хийл, Жульеттаг хийл хөгжмөөр илэрхийлсэн түүний бүтээл нь “Ромео Жульетта” жүжгийн салшгүй амин сүнс нь хэмээн үзэгчид үнэлж байв.

Тэгвэл хөгжмийн зохиолч Б.Чинбат энэхүү хөгжмүүдээ нэгтгэн цахим цомог болгон Монголын ард түмэн төдийгүй, дэлхий нийтэд толилуулахаар бэлджээ. Цахим цомогт сонгодог жүжгийн 13 хөгжим багтсан байна. Тэрбээр энэ удаагийн цахим цомгоо гаргаснаар Монгол контенттэй хамтрах анхны ажлаа эхлүүлж байгаа аж. Цахим цомгоо Монголд Ringtone, Hi-Tone, HiFi.mn-д тавих юм. Мөн олон улсад I-Tunes, Cd Baby гээд 96 салбар дэлгүүрээр цахим цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна