Нэг мандат, долоон горилогч

2016 оны 2 сарын 19

“Сонгууль-2016” тулааны өнгийг манай сайт тоймлон хүргэж байна.


Дорноговь, Говьсүмбэр: Өнгөрсөн сонгуулиудын дүнг харахад улаан тойрог гэж нэрлэж болно. Өнгөрсөн хугацаанд явуулсан зургаан сонгуульд АН-аас Я.Батсуурь 2012 онд гарч байсныг эс тооцвол бүгдэд нь МАХН буюу МАН ялалт байгуулсан байдаг.

1996 онд Дорноговь, Говьсүмбэрээс МАХН-аас буюу МАН-аас нэр дэвшсэн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж нар ялалт байгуулсан байдаг.

2000 оны сонгуульд МАХН/МАН/-аас Ё.Адилбишийн оронд Л.Одончимэдийг тус тойрогт сойж, ялалт байгуулжээ. Мөн Ц.Шаравдорж улиран сонгогдсон байдаг.

2004 онд болсон парламентын сонгуульд тус тойрогт улиран дэвшсэн МАХН/МАН/-ын хоёр буюу Л.Одончимэд, Ц.Шаравдорж нар дахин ялалт байгуулжээ. Ц.Шаравдоржийн хувьд тус тойргоос гурван ч удаа УИХ-д сонгогдсон байдаг.

2008 онд Говьсүмбэр, Дорноговийнхон Ардчилсан намд нэг мандат бэлэглэв.  Ардчилсан намаас Я.Батсуурь, Ардын намаас Ж.Батсуурь гэх “аминдаа” нар УИХ-д сонгогдов.

2012 оны сонгуулиар тус тойрог нэг мандаттай болсон. АН-аас Я.Батсуурь, МАН-аас Ж.Батсуурь нарын дунд өрсөлдөөн болж  Ж.Батсуурийг тус тойргийнхон төлөөлөө болгож УИХ-д суулгав. МАН анх “Сод Монгол”-ын Ц.Анандбазарыг Дорноговь, Говьсүмбэрт нэр дэвших эрх өгсөн ч, нэр дэвшигчдаа зарласан орой Ц.Анандбазар найзуудтайгаа бааранд сууж байхад нь АТГ-аас баривчлан шалгасан юм. Тиймээс түүний оронд Ж.Батсуурь нэр дэвшихэд хүрсэн билээ.

АН

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг аль эртнээс тус тойргийг “өмчилчихсөн”. Гэхдээ ганц мандаттай энэ тойрог дээр түүнтэй өрсөлдөхөөр УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх бэлтгэлээ базааж байгаа гэх. Хятадуудад аймгийнхаа газраас зарсан гэх шүүмжлэлд өртөж явсан П.Ганхуяг нутагтаа нэр нөлөө ихтэй ч нэр хүнд муутай. Харин А.Гансүх нь төмөр замын хэргээр баривчлагдсан Б.Батзаяагаас болж нэлээд “сандарсан”. Түүний асуудлыг бүлгийн хуралдаанаараа авч хэлэлцээд З.Энхболд “дулаахан хувцсаа бэлд” гэсэн зөвлөгөө өгсөн тухай хэвлэлээр цацагдсан. Намын даргын шадар зөвлөхийн хувьд АН-аас нэр дэвших эрхийг “ногоон гэрэл”-ээр авч магадгүй. Гэхдээ түүнд  П.Ганхуяг гэж том өрсөлдөгч байгааг мартаж болохгүй.

МАН

2016 оны сонгуулиар тус тойрогт нэр дэвшихээр санаархаж яваа хүмүүс бол  МАН-аас “Сод Монгол”-ын Ц.Анандбазар. Өнгөрсөн сонгуульд АТГ-т баривчлагдаж, нэр дэвших эрхээ Ж.Батсуурьт алдаж байсан тэрбээр энэ удаад даагаа нэхэхээр шийджээ. Хэдийгээр Ж.Батсуурь хуучин тойрогтоо дахин нэр дэвшихээр санаархаж байгаа ч түүнд тийм боломжийг Ардын нам ахин олгохгүй л болов уу. Ц.Анандбазарын хувьд намдаа хандив нэртээ хахууль өгч гарч ирж магадгүй. Дорноговьд  нэр дэвшихээр өнгөрсөн удаад багагүй мөнгө хаясан ч АТГ-т баригдаж багагүй “шатсан” гэдэг. Өнгөрсөн 2008 оноос л тус тойргийг усалж яваа түүний хувьд АН-ын гол өрсөлдөгч гэж хэлж болно.

Харин Ц.Анандбазартай тойргоо булаацалдаж байгаа хүн бол Уяачдын холбооны тэргүүн Б.Дэлгэрсайхан. Гэхдээ Монголын төрд морь уяачид олон байх тусмаа хэрэггүй болов уу. МАН-ын дарга өөрөө морь уяачийн хувьд Б.Дэлгэрсайханд найр тавихад үгүй гэх газаргүй.

МАХН

“Улаанууд” хоёр хуваагдаж МАН, МАХН болон салахад Н.Энхбаярыг дагасан Ц.Шаравдорж гурван удаа ялалт байгуулсан хуучин тойргоо усалж эхэлсэн гэх. Одоо МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй.  Түүний нам доторх өрсөлдөгч нь МАХН-ын хэвлэл, мэдээллийн албаны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Чимидсүрэн. Ч.Чимидсүрэнг Дорноговийнхон танихгүй. Харин Ц.Шаравдорж тус тойргоос гурван удаа сонгогдохдоо юу ч хийгээгүй гэсэн шүүмжлэлд өртөж явсан. Тэгээд ч Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдсоноос хойш МАХН-ын рейтинг навс унасан. Хэрэв Ц.Шаравдорж энэ тойрогт өрсөлдвөл Ардын намын саналаас багагүй “хумсална”  гэсэн үг.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна