Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-1

2016 оны 2 сарын 19

Манай Гүег хаан Руслан, Людмила хэмээх орос аав ээжтэй гэхээр та мэл гайхаж, цэл хөхөрч байна уу? Үгийн гарал, үүх түүхийг нь мөшгөхөөр тийм л болоод байгаа юм даа.

Их зохиолч Пушкиний “Руслан, Людмила хоёр” гэх алдарт зохиолын гол дүр Русланы нэр бол түрэг хэлний “аслан(aslan)” буюу монгол хэлний “арслан”. Харин эм арсланг эрслэн, зулзагыг нь гүег гэнэ. Тэгэхээр Өгөөдэй хаан ахмад хүүгээ арслан мэт хүчтэй байхыг ерөөж, ийм нэр хайрласан байжээ.

Үүгээр тогтохгүй монгол, оросын ахан дүүс араатны хааныг тэнгэрт нисгэсэн. Учир нь 2014 онд монголчууд шинэхэн “Боинг 737-800” онгоцоо “ГҮЕГ” гэж түүхэн үгээр нэрлэсэн байхад Оросын тээврийн томоохон онгоц “Руслан АН-124” гэдэг нэртэй. Тэгэхээр Оросын тэнгэрт арслан, Монголын тэнгэрт зулзага нь элэн халин нисдэг байх нь ээ.

Энэ мэт их хаадын нэрийг мөшгөвөл Гүр хааныг чулуун хаанаар дуудаж,  Чингис хааныг далай хаанаар өргөмжилж, багын нэр Тэмүүжинг нь төмөрчин хэмээн хөрвүүлсэн эрдэмтэн, судлаачдын уртаас урт тайлбар хөвөрнө. Харин “Мөнх тэнгэрийн хүчин доор” киноны зохиомол дүр Чилүгэний нэр “чөлөөт хүн” гэсэн утгатай...

“Егөөтэй 99 тайлбар” номын “Гүег хаан Руслан, Людмила нарын хүү болсон нь” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна