"ХҮН хоёр хуваагдаагүй"

2016 оны 2 сарын 19

Цаг үеийн асуудлаар ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргилтой ярилцлаа.


-ХҮН-д юу болоод байна вэ?

-Бид сар шинийн өмнө намын ЕНБД Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдон манай нам дотор их олон үйл явдлууд хурдацтай өрнөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслууд гярхай ажиглажээ. Манай нам залуу, эрүүл улс төрийн байгууллагын хувьд өсч торниж байгаа процессын илрэл нь энэ юм. Бид аливаа зарчимгүй үйл хэргийг үл тэвчиж, цэх шулуун явах ёстой тул дотроо энэ байдлаа ягштал мөрдөх ёстой. Жишвэл, амьд организм халдвартай тэмцэж халуурдагтай адил эрүүл саруул үзэгдэл юм. Манай намын гишүүдийн дийлэнх нь урьд өмнө ямар ч намд байж үзээгүй хүмүүс. Тэр ч утгаараа улс төрийн үйл ажиллагааны талаар ойлголт нь зөрдөг, олон нийтийн байгууллагын зарчмаар ажиллах гэсэн байдал ажиглагддаг.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ө.Мөнхбат, Ц.Баттуяа нар элдэв мэдэгдэл хийж, ярилцлага өгч байна. Бид энэ намыг анх байгуулсан, харин С.Ганбаатар орж ирээд нурааж байна гэх мэт мэдэгдлүүд нь ямар ч үндэслэлгүй. Анх байгуулалцсан арав хүрэхгүй хүний нэгний хувьд би энэ хүмүүс сүүлд орж ирсэн, намын дотоод асуудлыг ч төдийлөн сайн мэдэхгүй гэж хэлэх байна.

-Яагаад Ерөнхий нарийн бичгийн даргаа чөлөөлөх болсон юм бэ?

-Энэ бол манай намын дотоод асуудал тул дэлгэрэнгүй хариу өгөх боломжгүй. Т.Доржханд өргөсөн андгай тангаргаа зөрчсөн. Бидний хувьд андгай нь хоосон үгс биш юм. Түүнийг огцруулахдаа намын УЗ хууль, намын дүрмийг баримталсан боловч цаг хугацааны хувьд баяр ёслолын цаг үе таарсан нь шүүмжлэлийн бай болж байгаа юм. Шүүмжлэх нь ч зүйтэй. Бидний бүх үйл ажиллагаа ил тод байх ёстой. Тийнхүү шийдэх нь гарцаагүй тэгж таарсан болов ч ёс суртахууны хувьд хэрхэн шийдэх ёстой байсныг намын төв хорооны хурлаар хэлэлцэн шийдүүлэх юм. Намын дарга тушаал гарган Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг төв хорооны хурал хүртэл томилсон, намын ажил хэвийн үргэлжилж байна. Төв хорооны хурал гуравдугаар сарын дундуур болно. Харамсалтай нь Т.Доржханд намынхаа шийдвэрийг маш хүндээр хүлээж авч, элдэв янзын үйлдлүүд хийж байна.

-Энэ шийдвэрээс үүдэж танай намынхан хоёр хуваагдчихсан юм шиг харагдаж байна?

-Нам дотроо хоёр хуваагдсан гэдэг нь огт үндэслэлгүй. Нийт гишүүд хүлээцтэй, тайвнаар намын төв хорооны хурлаа хүлээж байна. Би өөрөө нийслэлийн Намын хорооны дарга. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн хүмүүс бол дэд дарга нар юм. Тэр хүмүүс нам дотроо ярилцаж, зөвшилцөхгүйгээр, ядахдаа надтай ярилцалгүй мэдэгдэл хийсэн нь сахилгын арга хэмжээ авах үндэс болно. Гэхдээ элдэв арга хэмжээ авахаас өмнө зарим гишүүдийн үйлдлүүдийг сайтар шүүн тунгаах хэрэгтэй. Намын гишүүдийн ихэнх нь зарим нэг намын захиалгаар ийм үйлдэл хийсэн гэж хардаж байгаа. Дээр хэлснээр, зарим нөхөд маань учрыг олохгүй, яг л нөгөө олон нийтийн байгууллагад байсан шигээ сэтгэлийн хөөрлөөр хандсан байх ч үндэстэй. Тиймээс ялгаж салгаж асуудалд нухацтай хандах ёстой.

-С.Ганбаатар ХҮН-ын дарга болоод намаа бужигнууллаа гэж зарим хүмүүс үзэж байна. Яагаад заавал С.Ганбаатарыг намынхаа даргаар сонгосны дараа Ерөнхий нарийн бичгийн даргаа солих болсон бэ?

-Энэ бол маш буруу ойлголт. С.Ганбаатар намын даргаар ирээд ХҮН-ыг бужигнуулсан зүйл огт байхгүй. Т.Доржхандын гаргасан ёс зүйгүй үйлдэл Цагаан сарын өмнө ил болсон. Тиймээс удирдах зөвлөлийн гишүүд Т.Доржхандыг чөлөөлөх шийдвэр гаргаад, намын даргадаа хандсан. Намын дарга удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг хүлээн авч шийдвэр гаргасан. 

-Т.Доржханд жагсаалтаа наймаалцсан гэсэн үнэн үү?

-Харамсалтай нь үнэн. Зөвхөн жагсаалт наймаалцаад зогсохгүй олон зохисгүй үйлдэл хийсэн. Гэхдээ тэр хүнийг элдэв янзаар дайрч амьдралыг нь харлуулмааргүй байна. Улс төр дууссан ч тэр хүн цааш амьдрах хэрэгтэй шүү дээ. 

-Сонгуулиас өмнө дотроо асуудал үүсгэсэн нь танай намын рейтингийг унагаж байгаа юм биш үү?

-Бид сонгуульд барьцаалагдахгүй. Хамгийн чухал нь намын гишүүд ёс зүйтэй байх ёстой. Зарим гишүүд учраа олохгүй, төөрөлдөж байна. Эрх зүйн нарийн зохицуулалтуудыг ойлгохгүй, мэдэхгүй хүмүүс хөөрч алдах ч явдал ажиглагдаж байна.    

-Танай намынхан С.Ганбаатарыг дарга болсноос хойш дургүйцэх хандлага илэрхийлэх болсон. Яагаад энэ хүнийг намын даргаар томилох шийдвэрийг гаргасан юм бэ?

-Энэ хүний олноо манлайлах чадвар, Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байсан учир сонгосон. С.Ганбаатар УИХ-ын гишүүн болсон ч одоо хүртэл авлига, хээл хахуулиас ангид явсаар ирсэн. Олон жил улс төрд явсан ч одоо хэрнээ 13-р хороололд хоёр өрөө байранд гэр бүлийн хамт даруухан амьдардаг. Тийм улс төрчид хэр олон билээ?

-ХҮН-ыг үүсгэн байгуулагч нь С.Ганбаатар байсан гэсэн хандлага нийгэмд бий. Гэтэл намын дарга болсон нь баттай болгочихлоо гэдэг. Энэ үнэн үү?

-Юм болгоныг хардаж хардаг нь нийгмийн гэм биш зан болчихлоо. С.Ганбаатар гишүүнтэй холбоотой хүмүүс бидний дотор ажиллаж байсан. Жишээ нь н.Зоригтбаатар бол ҮЭ-д байсан. ҮЭ-д ажиллаж байгаа, байсан бүх хүнийг С.Ганбаатар гэж хардах ёстой гэж үү. Ард олны намаар талцуулах, тэрний хүн, тэр намын хүн гэж ялгаварлан гадуурхах байдлын эсрэг ХҮН зогсдог. Бидний чин хүсэл бол аливаа иргэнийг нам эвслээр ялгаварлан гадуурхахгүйгээр, зөвхөн мэргэжил боловсролыг харгалзан томилох явдал юм.

-ХҮН яаж санхүүждэг вэ? 

-Манай нам гишүүдийнхээ хандив, хураамжаар өдий болтол болгож ирсэн. Г.Уянга гишүүн мөнгөлөг нам гэж хардаж байсан. Яг юуг үндэслээд мөнгөтэй гэж хардаад байгаа нь ойлгомжгүй байна. ХҮН-ыг намын байртай болчихлоо гээд хардаад байгаа юм уу? Бид түрээсийн байрандаа зарим сард нь хоцроож төлөөд л явж байна шүү дээ. Хэвлэлийнхэн та бүхэн ч гэсэн дандаа орлого асуудаг. Гэтэл зарлага гэж байдаг. Зарим намууд элдэв янзын жагсаал, цуглаан зохион байгуулахдаа мөнгө тараадаг, түүнтэйгээ адил биднийг хардаж байгаа юм болов уу. Бидний хувьд бол жинхэнэ дэмжигчдээ цуглуулаад даарсан үед нь халуун аарц л өгч ирсэн. Туг хэвлэх мөнгийг эрх биш гаргана шүү дээ, тэрнийг их мөнгө гээд байгаа юм уу? ХҮН өнгөрсөн хугацаанд аливаа арга хэмжээг чанартай, сайн зохион байгуулж чадсан. Тэр чинь мөнгө шаардахгүй. Зөвхөн хүний нөөцийн чадварт оршиж байгаа юм. Манай намд маш олон хүмүүс цалингүй ажиллаж байна. Ор үндэслэлгүй хоосон ярианд итгэх шаардлагагүй гэж хэлмээр байна. Манай санхүүжилт ил тод байдаг. Цахим сайт дээрээ шилэн дансны мэдээллээ тогтмол оруулдаг. Гэхдээ одоогоор сайт шинэчлэгдэж байгаа. Энэ ажил дууссаны дараа ч санхүүжилтийн ил тод байдал хэвээр байх болно.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна