Оюутан цэрэг хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжинэ

2016 оны 2 сарын 19

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачлагаар "Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан юм. Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах яамныхан бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2016 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэх юм байна. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт 2016 оны 03 дугаар сарын 10-нд болохоор товложээ.