“Урьдчилгаа 30 хувь хөдлөхгүй”

2016 оны 2 сарын 19

-Нэг сар гаруйн хугацаанд ипотектэй холбоотой бүх баримт бичиг бүрэн эцэслэгдэнэ-

Ипотекийн зээл олголт хэвийн үргэлжилж байгаа юу? Улсын Их Хурлаас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталснаар цаашид ипотекийн зээл яаж үргэлжлэх вэ? Зээлийн хүү буурах уу? гэх мэт олон асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ. Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Баярмаа дараах тодруулгыг өгч байна.

-Банкууд одоо ипотекийн зээл олгож байгаа юу?

-УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулсан. Ингэснээр ипотекийн зээл төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээл эргээд хэвийн үргэлжлэх эрх зүйн орчин бүрдсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны 2-р сарын 16-ны өдрийн байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.28 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 42076 иргэнд 2.27 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Эрх зүйн орчин эргээд хэвийн болсон учраас ипотекийн зээл олголт үргэлжлэх нөхцөл бүрдсэн.

-УИХ Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль баталлаа. Энэ хууль ипотектэй холбогдож байгаа гэх юм. Яаж холбогдоод байна вэ?

-Шинээр батлагдсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр, түүний үр дүнд үүссэн хөрөнгийн өмчлөгч нь Засгийн газар болж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сүүлийн 30 гаруй сарын хугацаанд эдийн засагт 2.4 их наяд төгрөгийн актив хөрөнгө шинээр бий болжээ. Энэ хөрөнгийг Монголбанкны тэнцэл дээр бариад байх бус, харин Ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлээд, тэр хөрөнгөөр ипотекийн зээл шинээр олгоод явах нь эдийн засаг, нийгмийн өндөр өгөөжтэй гэж УИХ-аас үзсэн болов уу. Ингэснээр ипотек шинэ механизмаар үргэлжлэхээр болж байна гэсэн үг.

-Монголбанк хөтөлбөрөөс гарсан гэж ойлгож болох уу?

-Монголбанк анх хөтөлбөрийг эхлүүлэхдээ  гурванжилийн дотор хөтөлбөрөөс үе шаттай гарсан байна, ипотекийн зээлээр баталгаажсан бондыг Тэтгэврийн санд үе шаттай шилжүүлсэн байна, хөтөлбөрийн өмчлөлийг Засгийн газарт шилжүүлсэн байна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн. УИХ-аас ч бас 2014, 2015 онуудад хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлэхийг даалгасан агуулгатай тогтоолууд гаргаж байсан. Энэ дагуу бүх үйл ажиллагаа хэрэгжиж, Монголбанк хөтөлбөрөөс гарч байна. Гэхдээ хуульд заасанчлан Засгийн газрын өмчлөлд байх ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн менежментийг гэрээний үндсэн дээр Монголбанк удирдах юм.  

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас шинээр олгох ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм. Сангийн эхлэлтийн гэж хэлж болох хөрөнгө нь Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх 2.4 их наяд төгрөгийн активаас бүрдэнэ. Энэ актив нь жилийн 4 хувийн өгөөжтэй ипотекийн зээлээр баталгаажсан бонд, банкнаас авах зээлийн шаардах эрхээс бүрдэж байгаа. Хуульд зааснаар ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор шинээр олгох ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Харин бондын хүүний төлбөрийн орлогоор Засгийн газар урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлж болно. Ингэхдээ хэнд, яаж, ямар нөхцөл шалгуураар урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг тогтоосон журмаа Засгийн газар батлахаар хуульд заасан байгаа.

-Хууль шууд хэрэгжээд эхэлсэн үү? Ирээдүйн тэтгэврийн нөөц сангаас шинээр орон сууцны ипотекийн зээл хэзээнээс олгож эхлэх вэ?

-Битүүний өдөр УИХ-аас хуулийн эцсийн найруулгыг хэлэлцэж баталсан. Хуулийг ойрын өдрүүдэд ёсчилсноор шууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож байгаа. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, Монголбанкнаас олон тооны баримт бичгийг шинэчилж батлах буюу шинээр гаргах юм. Жишээ нь, өмнө баталсан журам, гэрээг шинэчлэн батлах, шинээр гэрээ байгуулах, тушаал шийдвэр гаргах зэрэг их ажил бий. Энэ үйл ажиллагааг Монголбанк хийгээд эхэлчихсэн байгаа. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, Сангийн хөрөнгө шилжүүлэх болон Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ гэх мэт суурь баримт бичгийн төслийг боловсруулж дуусах шатандаа ороод байна. Ер нь ойрын 1 сар гаруйн хугацаанд ипотектэй холбоотой бүх баримт бичиг бүрэн эцэслэгдэж, ипотек шинэ механизмаар явна гэсэн төлөвлөгөө, тооцоотой ажиллаж байна.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц санг яагаад Монголбанкаар удирдуулахаар хуульчилсан юм бол?

-Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оны 6 сараас хэрэгжүүлж ирсэн, санхүүгийн дэд бүтцийн болон хүний нөөцийн чадавх, бололцоотой институци гэж үзсэн байх. Тийм учраас нэгэнт Монголбанкин дээр байгаа тэрхүү нөөц бололцоог ашиглаж, сангийн удирдлагыг Төв банкаар гүйцэтгүүлье гэж Засгийн газар үзэж, УИХ хуульчилсан болов уу. Энэ нь Төв банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх тухай заалттай нийцэж байгаа юм.

-Ипотекийн зээлийн хүү таван хувь болж буурах уу? Бусад нөхцөлүүд нь өөрчлөгдөх үү?

-Монголбанк хэрэглээ, импортыг өдөөдөг зээлийн хүү буурахыг дэмждэггүй. Харин дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлалыг өсгөсөн, экспортыг дэмжсэн зээлийн хүү буурахыг бодлогоор дэмжинэ. Цаашид ч дэмжиж ажиллах байх. Ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр нь мөнгөний бодлогын хүрээнд голлож гарах шийдвэр. Мэдээж тодорхой тооцоо, судалгаанд үндэслэнэ. Хүүг бууруулах уу, талбайн хязгаарлалтыг өөрчлөх үү, ямар үе шаттайгаар, ямар нөхцөлөөр, хэзээ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэр нь макро эдийн засаг, санхүүгийн салбарын нөлөөг нь тооцсоны үндсэн дээр тухай бүр гарч байх шийдвэрүүд юм. Нийт эрэлтийг дэмжих орон зай өсөн нэмэгдэхийн хэрээр ипотекийн зээлийн эрэлт талыг тэлэх боломж сайжирна гэж үзэж байна. Харин урьдчилгаа төлбөр 30 хувь гэдэг параметр бол хөдөлшгүй. Зээл ба үнэлгээний харьцаа, өрхийн өр ба орлогын харьцаа гэх суурь харьцаанууд ч өөрчлөгдөхгүй болов уу.

-Ипотекийн зээлийн эргэн төлөлт, чанар ямар байна вэ?

-Ипотекийн зээл бол эргэн төлөлт маш сайтай, эрсдэл багатай, эерэг нөлөөтэй зээл. Банкны системийн хэмжээнд орон сууцны ипотекийн чанаргүй зээлийн харьцаа 0.6 хувь буюу сүүлийн 30 сарын туршид 0.2%-0.7% гэсэн маш бага түвшинд тогтвортой байгаа.

-Хүүг бууруулбал шинээр хамрагдах боломжтой нийт өрхийн тоо хэд байх вэ? Тооцоо  судалгаа хийсэн байх. Ер нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлөх үү?

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр эхлэхээс өмнө жилд дунджаар 4895 орон сууц шинээр ашиглалтад орж байсан бол 2013-2015 онд жил бүр дунджаар 19259 орон сууц шинээр ашиглалтад орсон байна. Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон, борлогдоход бэлэн 18400 орон сууц зах зээлд байгаа гэсэн мэдээтэй байна. 2016 онд шинээр 22303 орон сууц баригдахаар байна. Орон сууцны нийлүүлэлт маш сайн байгаа учраас эрэлт талыг дэмжсэнээр орон сууцны үнэд огцом өсөх эрсдэл үүсэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны эрэлтийг нийлүүлэлт нь бүрэн хангахаар байгаагаас үнэ огцом өсч савлахгүй байх.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна