Волейболын клубүүдийн АШТ өнөөдөр эхэлнэ

2016 оны 2 сарын 19

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Хасу Кат-2016” волейболын тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 баг өрсөлдөнө. Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” болох тус тэмцээн энэ сарын 19, 20, 21, 24 болон 27-28-ны өдрүүдэд болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш(02.20) 13.00 цагаас болно.

Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эрэгтэйчүүдийн “Сима” –“Эрчис тал” багуудын тоглолтоор эхэлнэ. Мөн үргэлжлээд “Сэлэнгэ” – “Хасу Мегастарс-1”, “Эрчим” –“Алдар Алтайн барс” болон “Хасу Мегастарс-2” –“Тэнүүн -Огоо” багуудын эхний тоглолт болно. Энэ өдөр нийт эрэгтэй дөрвөн тоглолт болох юм.

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш 09.00 цагаас "Эрчис тал"- "Хасу Мегастарс-1" эрэгтэй багуудын тоглолтоор эхэлнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаа 13.00 цагаас болно. Энэ өдөр нийт долоон тоглолт болох хуваарьтай.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монголын волейболын холбоо спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Хасу Мегаватт” ХХК-ний “Эко спорт цогцолбор”-т АНУ-н “Sport Court” брендийн шалыг бэлэглэсэн. Уг шал нь “Sport Court” брендийн ISO 9001:2008, ISO 14001:2004 Олон улсын стандартыг хангасан “High-Resilience Polypropylene” материалаар хийсэн бүтээгдэхүүн юм. Энэ шинэ шалан дээр волейболын клубүүдын хоорондох “Хасу Кап-2016” тэмцээн болох гэж байгаа нь ихээхэн онцлогтой юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна