Өрхийн өрөөсөн "багана" гэдийх үү?

2016 оны 2 сарын 19

МАН-ын нэр бүхий гишүүд өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүдэд нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Нийгмийн нэгээхэн хэсгийг эзэлдэг ч анхаарлыг төвөөс ямагт үлдэж хоцордог бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн энэхүү хуулийн төслийг  МАН-ын өлгийдсөн хууль гэдэг өнцгөөс бус асуудалд нь анхаарлаа хандуулаасай гэж олон хүн хүсч байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 оны жилийн эцсийн дүнгээр  улсын хэмжээнд 78 606 өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг ажээ. Энэ тоо 2013 онд 81,741, 2014 онд 80,838 байжээ. Жилээс жилд ялимгүй буурч байгаа өрх толгойлсон эхчүүдээс гадна өрх гэрээ ганцаараа авч яваа аавууд бий. Тэдний тоог 8000-д хүрсэн гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлжээ. Нийлүүлээд тооцох юм бол зуу шахам мянган өрх гэр  ганцхан “баганатай” байна. Монгол Улсын нийт өрхийн тоо 800 мянга. Найман өрх тутмын нэгийг ганц бие аав, ээж нар дутууг дүүргэх гэж чадан ядан аж төрж байна.

...Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоогийн буулганд нэг биеэ хоёр хуваан зүтгэж байгаа аавууд, ээжүүдэд засаг төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Ийм хуультай болсноор гэр бүл салалтыг өөгшүүлнэ гэж зарим хүн дургүйцдэг гэнэ лээ. Уучлаарай, үр хүүхдээ хагас өнчрүүлж, өөрөө өрх толгойлон үлдэх хатуу тавиланг хэн ч хүслээрээ сонгодоггүй юм шүү... гэж сэтгүүлч найз маань сэтгэл хөндүүрлэн бичжээ. Үнэхээр хүний тавиланг таашгүй. Амьдралын нугацаанд өнчирч хоцрох, салаа замын эрхээр салж хөндийрсөн олон олон ээж аавууд сэтгэл хөндүүр аж төрж байна. Тэдний гар дээр 18 хүртэлх насны олон зуун хүүхдүүд эзгүй нэгнийг нь үгүйлэн, үгүйлэн өсч торниж байгаа. Хүслээр сонгоогүй ч хүрээд ирсэн тавиланг туулах гэж зүтгэж буй ганц биечүүдэд зориулсан халамж өнөөдөр үгүйлэгдэж буй орон зай мөнөөс мөн. Зарим тохиолдолд тэднийг өрх айлд тооцдоггүй гэх гунигтай мэдээ ч чих дэлслээ. Ганц баганат гэрийг бүтэн бүлээн харагдуулах гэж хоёр хүний ачааг ганц биеэр туулж яваа олон мянган эцэг, эхчүүдэд хаягласан тусламж, дэмжлэг үнэндээ бараг үгүй.   

Өрх толгойлсон аав ээжийн тоог өсгөж буй нэг үзүүлэлт нь гэр бүл салалт. “2014 онд гэр бүл цуцлалт 3522 байгаа нь 2013 оноос 30 хувиар өссөн үзүүлэлт. Нийт салсан гэр бүлийн 85 хувь нь хүүхдийн тэтгэмж авдаггүй, шүүхээр тэтгэмж тогтоосон ч авч чаддаггүй байна. Гэр бүл салалтаас шалтгаалан өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо нэмэгдэж тэдэнд ногдох үүрэг хариуцлага өндөр болж байна” гэж нэгэн гэр бүл  судлаач тодотгожээ. Тэрбээр 18 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж байгаа бөгөөд тэдний гар дээр 350 гаруй мянган хүүхдүүд өсч торниж байна гэсэн тоог ч гаргажээ. Гэтэл  гэрлэлтээ цуцлуулсан өрхөд аж төрж буй хүүхдүүдийн талаас илүү хувь нь тэтгэвэр тэтгэмж авч чаддаггүй, асран хамгаалж буй аав ээжийнхээ цалингаар л амьдралаа залгуулах нь бий.  

Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 2-р бүлгийн 40 дүгээр зүйлд гэрлэлтээ цуцлуулсан гэр бүлийн 18 нас хүрээгүй хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.

40.2. Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

40.3. Энэ хуулийн 40.2-т заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно гэж заажээ.

Энэхүү зүйл заалтаас харахад 11 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүл салахад амжиргааны доод түвшингийн 50 хувьтай дүйцэх тэтгэмжийг сар бүр авах нь. Монголд бүс нутгаас хамаараад амжиргааны доод түвшин 130-150 мянган төгрөг гэж тогтоосныг үндэслэвэл нэг хүүхдэд  65-75 мянган төгрөг л сард тэтгэмж болж ирэх нь. Энэ мөнгө хүүхдийн наад захын хэрэгцээг хангах уу. Сургууль, цэцэрлэгийн татаасанд ч хүрэхгүй шахам тэтгэмжээр ганц бие аав ээжүүдийг хуурч байгаа нь шударга хэрэг мөн үү. Цаана нь хүүхдийн идэх, өмсөх, тоглож наадах, авьяас билгийг нь хөгжүүлэхэд хэдий хэрийн хөрөнгө мөнгө шаарддаг билээ. Хагас өнчин хүүхдүүдэд улсаас олгодог мөнгөн тэтгэмж 103600 төгрөг. Дүүрэг хороогоороо дамжуулан жилд нэг удаа 60 мянган төгрөгийн амжиргааг дэмжих мөнгөн тусламж авч болох ч бүрдүүлэх материалын жагсаалтаас нь сүрдмээр. Өрх толгойлсон аав ээжүүдэд хаягласан тусламж дэмжлэг ердөө л энэ. Үүнд хамрагддаг нь ч цөөн. Өрх гэрийн хамаг ачааг ганцаар үүрч яваа олон аав ээжид жилд ердөө 60 мянгыг чиргүүл дагуултай олгож байхад оюутнууд сар тутам 70 мянган төгрөг хүртэж байгаа.

Чухам тиймээс л МАН-ын гишүүдийн санаачлан боловсруулсан өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан нийгмийн халамжийн хуулийг нам, фракцын өнгөөр бус зорилтот бүлгийнхний нь эрх ашгийг үүднээс хараасай гэж эрхэм түшээдэд хандаж хэлээд байгаа билээ. Өнөөдөр гэр бүлээ орхин салж одсон аав, ээжүүд сарын 65 мянган төгрөгөөр хүүхдээ хуурчихаад өөр амьдрал сонгон жаргаж явааг эргэн хармаар. Тухайн хүний цалин хөлсний тодорхой хувиар тэтгэмжийг тогтоодог хуучин жишгийг сэргээхэд буруудах зүйлгүй санагдана.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна