Хойд Солонгос халдлага төлөвлөжээ

2016 оны 2 сарын 19

 

Удирдагч Ким Чен Уныхаа тушаалаар Пхеньяны тагнуулын агентлаг Өмнөд Солонгост террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байгааг эрх барих “Сэнури” намын улстөрч Ли Чёл Ву мэдэгджээ. БНСУ-ын тагнуулын агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос Өмнөд Солонгосын иргэдийг барьцаалах, хорт хийн болон цахим халдлага үйлдэхээр төлөвлөж байж болзошгүй аж. Хойд Солонгосын цахим халдлагад Пхеньяны тэрс үзэлтэн, урвагч, Өмнөд Солонгосын засгийн газрын албаныхан өртөх магадлалтай гэнэ. Мөн Өмнөд Солонгосын метроны буудал, худалдааны төв гэх мэт хүн их цугласан газар эвсэл цахилгаан станц зэрэг үндэсний дэд бүтцийн барилга байгууламжид халдлага үйлдэх эрсдэлтэй гэнэ.

 

Пхеньян өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр барахгүй энэ хоёрдугаар сарын эхээр хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн билээ. Энэ нь хоёр Солонгосын харилцааг дайсагнасан байдалд хүргэж, хойгийн нөхцөл байдлыг түгшүүртэй болгоод байна.

 

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын долдугаар их хурал ирэх тавдугаар сард болох гэж буйтай холбоотой Пхеньян пуужин хөөргөх, цөмийн туршилт хийсэн гэж таамаглаж байна. Энэ нь 1980 оноос хойш анх удаа болж буй намын их хуралд удирдагч Ким Чен Уны бахархан ярих зүйл болж байгаа юм. Ким Чен Ун эцгийгээ өнгөрсний дараа 2011 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгосын удирдагч болсон билээ.

 

Үүний зэрэгцээ Пхеньяны террорист халдлагын тухай мэдээлэл нь 2001 оноос хойш Өмнөд Солонгосын парламентад батлуулахаар хүлээгдэж буй терроризмын эсрэг хуультай холбоотой хэмээн зарим улстөрчид хардаж байна. Энэ хууль нь Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн эрх мэдлийг тэлж өгөх аж. Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг 2010 оноос хойш гадаадын 51 иргэнийг олон улсын террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж эх орноосоо гаргасан гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна