Чуулган гацаанаас гарлаа

2016 оны 2 сарын 19

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн гацаад байсан УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарлаа.  Ээлжит бус чуулганы нээлтэд нийтдээ 40 гаруй гишүүн оролцлоо. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс  34, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга, Л.Цог, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг, М.Сономпил, З.Баянсэлэнгэ нар ирснээр ирц хуульд заасан хэмжээнд буюу 39-ийн босго давж, ээлжит бус чуулганыг нээсэн юм.

Эрх баригч хүчин МАХН-ын гишүүдтэй ойлголцсон бололтой.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийг ирцээ бүрдүүлэхийг шаардан хоёрдугаар сарын 15-наас эхлэн ажил хаялт зарласан МАН-ын бүлгийн 26 гишүүн ээлжит бус чуулганы нээлтэд оролцсонгүй.

Ээлжит бус чуулганы нээлтийг хийсний дараа чуулганыг ердийн үйл ажиллагаанд шилжүүлж УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсч эхлээд байна. Үүнд Барилгын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж гарч буй Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих бүрэн боломжтой болж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна