МАН, МАХН хоёрыг яах вэ?

2016 оны 2 сарын 19

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүлчихвэл ээлжит бус чуулганы нээлтэд оролцохоо мэдэгдсэн МАН хэлсэндээ хүрсэнгүй. Ээлжит бус чуулган МАН-гүйгээр нээлтээ хийлээ. Тус бүлэг 26 гишүүнтэй юм. Бүлэг энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг хатуу байр суурь барьж буй тухай сонсогдоно.

Одоо ээлжит бус чуулганаар намрын чуулганаар батлагдсан нэр бүхий хуулиудын эцсийн найруулгыг сонсч буй. Энэ ажил дууссаны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэх ёстой юм. Гэвч МАХН-ынхан “Шадар сайдын томилгоог хийхгүй бол ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар завсарлага авна шүү” гэдгээ дахин мэдэгджээ.

Хэрвээ МАХН завсарлага аваад эхэлбэл ээлжит бус чуулган тогтоосон хугацаандаа хуулиудыг хэлэлцэн урагшлуулах боломжгүй болж, ажил гацах юм. Ингэхэд энэ МАН, МАХН хоёрыг яах вэ. МАН ирцээр бойкот хийн ажил уяна, МАХН нь завсарлагаар ажил чөдөрлөх нь.

Хамтраад ч ажил урагшлуулдаггүй, нэмэр болохоосоо нэрмээс болдог ийм улс төрийн хүчнүүдэд хариуцлага тооцох боломж нь зөвхөн сонгууль юм даа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна