Санал асуулгаар Сандерс тэргүүлжээ

2016 оны 2 сарын 19

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн чансааг тодорхойлох “Fox News” агентлагийн бүх нийтийн санал асуулгад Вермонт мужийн сенат Берни Сандерс АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтоныг давж гарчээ. Санал асуулгад Берни Сандерс 47 хувийн дэмжлэг авсан бол Хиллари Клинтон 44 хувьтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Берни Сандерсын чансаа 10 хувиар нэмэгдэж, Хиллари Клинтоных таван хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд Берни Сандерс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг чансаагаар давж гарчээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг зарласнаас хойш Ардчилсан намын нэр дэвшигчдийг Хиллари Клинтон тэргүүлж байсан юм.

 

Санал асуулгын дүнгээс Хиллари Клинтон эмэгтэйчүүдийн дэмжлэгийг илүүтэй алдсан нь харагдаж байгаа юм. Харин өнгөт арьстан, коллежийн боловсролтой хүмүүсийн дунд Хиллари Клинтоны дэмжлэг өндөр гарчээ.

 

Берни Сандерсыг Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг тэргүүлэгч Дональд Трамптай харьцуулбал 53-38 хувийн харьцаагаар илт давуу байгаа юм. Харин Хиллари Клинтон тэрбумтан Дональд Трамптай бараг эн тэнцүү буюу 47-42 хувийн харьцаатай гарчээ.

 

Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 52 хувь нь Клинтоныхноос залхаж байна гэсэн бол 59 хувь нь Бушийн гэр бүлээс залхсанаа илэрхийлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна