Төрийн байгуулалтын байнгын хороо хийсэн ажлаа тайлагнав

2016 оны 2 сарын 19

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, өнөөдөр /2016.02.19/ 11 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Лүндээжанцан, С.Дэмбэрэл нар оролцов.

Байнгын хорооны дарга А.Бакей хэвлэлийн бага хурлын эхэнд тус байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд шахуу ажиллаж хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үндсэнд нь хэрэгжүүлсэн, тухайлахад энэ хугацаанд байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 337 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 209, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 14, Байнгын хорооны тогтоол 5, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2-ыг хэлэлцэж, 38 санал, дүгнэлт, 4 төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга гаргасан. Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх болон боловсруулах үүрэг бүхий 6 ажлын хэсэг шинээр байгуулж ажилласан бөгөөд тайлант хугацаанд 8 ажлын хэсэг 48 удаа хуралдсан гэдгийг онцлов.

Дараа нь тэрбээр тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомж, байнгын хорооноос хийсэн бусад ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Байнгын хорооны дарга хэлэхдээ, тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан хууль 2, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 6, хууль хүчингүй болгох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 11-ийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав. Үүний нэг нь Сонгуулийн тухай хууль юм. Энэ хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэснээр сонгогчид хууль эрх зүйн хувьд нэгдсэн нэг гарын авлагатай болж байна гэсэн үг.

Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэхүү баримт бичиг нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилсан бөгөөд Монгол Улсын өөрийн онцлог, тулгамдаж байгаа асуудлуудтай нягт уялдаатай 4 үндсэн заалтын хүрээнд 45 зорилт, 20 үндсэн үзүүлэлтийг тодорхойлж дэвшүүлсэн. Бодлогын баримт бичгийг гурван үе шаттайгаар 15 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ баримт бичиг батлагдсанаар сонгуулийн өмнө улс төрийн намууд хэрэгжих үндэслэлгүй бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг явдлыг эцэслэж байгаа юм гэдгийг онцоллоо. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж хаврын ээлжит чуулганаар эцэслэн батлахаар ажиллаж байгааг дурдав.

Түүнчлэн тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд “Улс төрийн намын санхүүжилт: Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал”, “Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл”, “Монгол Улсын Төрийн албаны тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг”, “Төр, сүм, хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь”, “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг” мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг боловсруулахтай холбоотой асуудлаар нийт 7 удаа хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн саналыг сонссоныг танилцуулгадаа дурдсан юм.

Харин хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, эцэслэн баталж амжаагүй ч гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгсөн юм. Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж батлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа ч энэ хуулийн төслийг батлахыг зарим намын бүлэг дэмжээгүй. Гэвч улс төрийн намын үндсэн чиг үүргийг тодорхойлж өгөх, тогтолцоо, санхүүжилтийг нь боловсронгуй болгох шаардлагатай байгаа, энд улс төрийн ойлголцол, зөвшилцөл хэрэгтэйг тэрбээр онцоллоо.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл намрын чуулганаар хэлэлцэж баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоол нь сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт чанарын өөрчлөлт гаргах улс төрийн чухал ач холбогдолтойг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай дээрх тогтоол, мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна