Хоккейчид олон улсад амжилт гаргах бүрэн боломжтой

2016 оны 2 сарын 19

ОХУ-ын Ульяновск хотод болсон бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ийн “В” ангилалд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг IV байр эзэлсэн. Баг тамирчид эх орондоо ирээд байна. Өнөөдөр тэд хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзсан юм.

Энэ үеэр Монголын хоккейн холбооны гадаад харилцааны менежер, дасгалжуулагч А.Мэргэн хэлэхдээ “Манай хоккейчдын амжилт жил ирэх тусам өсөж байна. Энэ удаагийн бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэх боломж бидэнд байлаа. Аз дутлаа. Бага зэргийн техникийн алдаа гаргасан. Украины багийг хэсэгтээ хожсон ч тэдэнтэй хүрлийн төлөө дахин тоглосон. Эцсийн мөчид тэд хожлыг авсан. Тоглолтын дараа таагүй уур амьсгал гарсан. Гэхдээ Олон улсын хоккейн холбоо болон ОХУ, Украины үзэгчдээс уучлалт гуйх нь мэргэжлийн бус. Энэ нь спортод байх нэг зүйл. Олон улсын бэндигийн холбооны удирдлагууд үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. 2017 онд Шведэд болох ДАШТ-ий тоглолтын үеэр манайхаас Батгэрэл, хаалгач Мөнгөлдэй нарыг 2-3 тоглолтоор торгоно гэсэн. Одоохондоо бидэнд албан ёсны хариу ирээгүй байгаа. Хоккейчдын хувьд олон улсад амжилт гаргах бүрэн боломжтой. Мэдээж улам сайн хөгжихийн тулд мөсөн ордонтой болох ёстой. Үүнд төр засгаас ихээхэн анхаарал тавьж, өвлийн спортод анхаарал тавин мөсөн ордонтой болгоод өгөөч гэж хүсэж байна.” гэсэн юм.

ОХУ-ын Ульяновск хотод бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий “В” ангиллын тэмцээн хоёрдугаар сарын 10-17-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээнд Герман, Унгар, Украин, Япон, Нидерланд, Монгол зэрэг 10 орон өрсөлдсөн. Тэмцээний аваргаар Германы хоккейчид тодорсон бол Унгар мөнгө, Украин хүрэл медалийг хүртсэн.

Манай хоккейчид Украин, Хятад, Япон, Сомали, Чехийн багуудтай нэг хэсэгт багтсан. Хэсэгтээ гурван дөрвөн хожил, нэг хожигдол авсан манай хоккейчид шөвгийн наймд Нидерландыг хожин хагас шигшээд үлдсэн. Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Унгарт 5-4, Украинд 6-5-аар хожигдон IV байр эзэлсэн юм. Мөн шигшээ багийн хаалгач Д.Мөнгөнхуяг "Шилдэг хаалгач"-аар шалгарсан.

Хоккейчдын хувьд хүрэл медалийн төлөө Украинд харамсалтайгаар хожигдсон. Тоглолтын эхнээс манайхан давуу байдалтай болж, 2-0, 3-1, 5-2 оноогоор тэргүүлж эхэлсэн. Улмаар тоглолтын үндсэн 90 минут дуусахын өмнө 5-5 болж тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт Украины баг гоол хийснээр хожлыг авсан. Манай хоккейчид хэсгийн тоглолтод Украиныг 2-1-ээр хожоод байсан юм.

Ийнхүү Монголын хоккейн шигшээ баг дэлхийн бэндигийн рейтингэд 12-т бичигдлээ. Энэ удаагийн бөмбөгтэй хоккейн баг тамирчдыг шайбтай хоккейн тамирчдаар бүрдүүлсэн юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна