Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрынхны авлига газар авсаар байна

2016 оны 2 сарын 19

Доор өгүүлэх түүх анх “Алтайн хүдэр” компани БНХАУ-ын “Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-тэй 2010 онд “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж баяжуулах 2 болон 3-р үйлдвэрүүддээ зориулан CTG-92 маркийн хуурай соронзон дамарт нийт 10 сеператорыг худалдан авснаас эхэлдэг. Энэ нь олборлосон төмрийн хүдэртээ нэмүү өртөг шингээн боловсруулж улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах ирмүүн хүслээс үүдэлтэй байлаа. Гэвч гэрээнд заасны дагуу төлбөрийг барагдуулж, тоног төхөөрөмжүүдээ хүлээн авч 2010 оны 10 болон 2011 оны 2-р сараас дээрх үйлдвэрүүдээ ашиглалтад бүрэн оруулж ажилласан ч харамсалтай нь үйлдвэр ашиглалтад орсны дараахнаас хятадуудын амласан баяжуулсан бүтээгдэхүүний үзүүлэлт хэлцэж тохирсноосоо хамаагүй доогуур үзүүлэлтэй гарч, улмаар доголдол гаран, гологдол ихээр гарах болсноор “Алтайн хүдэр” компани ихээхэн хэмжээний хохирол амсах болжээ. Ийнхүү нийлүүлэгдсэн сеператорууд нь талуудын тохиролцсон шаардлага буюу Таян нуурын ордын хүдрийн шинж чанар, үйлдвэрлэлд нийцээгүй техникийн хийц загвартай байсан учраас тус гэрээний тодорхой заалтуудыг үндэслэн гэрээг цуцалж, үүнээс үүдэн гарах хохирлыг “Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-гээс гаргуулахаар хүсч 2011 оны 12 сард Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дээрх нэхэмжлэлийг тус арбитрын шүүх 2012 оны 4-р сард хянан хэлэлцээд, “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-гээс шүүхийн нэг шийдвэрээр 595,443 ам.долларыг “Алтайн хүдэр” компанид олгуулж, хохирлыг нь барагдуулах, “Алтайн хүдэр” компаниас 119,665 ам.долларыг “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” өөрийн авлагаа хасч тооцвол нийт 475,778 ам долларыг “Алтайн хүдэр” компанид төлөх ёстой болсон аж. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хоёр тал бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрснөөр шүүхийн шийдвэр хэрэгжих шатандаа оржээ.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг өр төлбөрийг заавал өөрөөрөө дамжуулан хийлгүүлж, улмаар “Алтайн хүдэр” компанийг авлига өгөхийг удаа дараа шаардах болжээ. Авлига өгөхгүй бол албан тушаалын байдлаа ашиглан эрүүгийн хэрэг үүсгэх болно гэж хүртэл сүрдүүлсэн аж. “Алтайн хүдэр” компанийн өр төлбөр барагдуулах асуудлыг хариуцсан ажилтан Э. Хаш-Эрдэнээс шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг “Өр төлбөрийн асуудлаа цэгцлэхийг хүсвэл тодорхой хувь тохир, хувийн шугамаар урамшуулал өг” хэмээн улайм цайм авлига нэхсэн бичлэг нь ч тэдэнд он сартайгаа бий гэнэ.

Улмаар түүнд авлига өгөхгүй гэсний төлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-ийн авлагыг барагдуулахын төлөө идэвхитэй ажиллаж эхэлжээ. Зүй нь “Алтайн хүдэр” компаниас 119,665 ам.долларыг “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-нд олгуулахын сацуу “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-гээс 595,443 ам.долларыг “Алтайн хүдэр” компанид олгуулах ажлыг зэрэг хийх ёстой боловч Б. Ариунцэцэг тэгсэнгүй дан нэг талыг барьсан ажиллагааг явуулсаар өнөөг хүрээд байна.

Улмаар “Алтайн хүдэр” компанийн дансыг битүүмжлэн хааж, 85,700 ам.долларыг хүчээр гаргуулан авсан байдаг бөгөөд “Алтайн Хүдэр”-ийнхэн эргүүлэн өөрсдийн авах ёстой мөнгөө нэхтэл уг “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” Монгол дахь төлөөлөгчийн газраа татан буулгаж сураггүй алга болсон бөгөөд харин ч тэдний эрх ашгийг хамгаалагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг тодорсон нь сонирхолтой баримт юм. “Алтайн Хүдэр” компанийхан “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-г түүнээс сураглахад Б.Ариунцэцэг “Та нар хятадуудад учруулсан хохирлоо яаралтай төлж барагдуул!” гэх атлаа “Тэр компанийг би мэдэхгүй” хэмээн улаан цайм гүрийдэг нь хачирхалтай. Асуудал энэ мэтчилэн явсаар “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” мөнгө нэхэмжлэхдээ гэнэт гарч ирж Б. Ариунцэцэгээр шахуулж байгаад эргүүлэн тэднээс авлагаа авах гэхээр ор сураггүй алга болчихдог сонин үзэгдэл хэд хэд давтагдсан байна. Асуудал зөвхөн үүгээр ч зогссонгүй, мань шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг “Алтайн хүдэр” компанийн өмчлөлийн 1000 гаруй тээврийн хэрэгслийг хот дотор хөдөлгөөнд оролцохыг зам цагдаад хандан болиулж, бүр компаний зүгээс өр авлагадаа тооцон өөр албан байгууллага, болон хувь хүний нэр дээр шилжин очсон тээврийн хэрэгслүүдийг нь хүртэл журамлан хувийн өмчид бүдүүлгээр халдаж эхэлсэн байгаа юм. Түүнчлэн “Алтайн хүдэр” компанид хамааралгүй болон хараат бус компаний өрийг төлж барагдуулахыг шаардах болсон бөгөөд “Би мэдэж байна. Энэ танайхтай ямар нэг байдлаар хамааралтай компани” гэх болж.  Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэв хуулийн дагуу явж байгаа бол төлбөр төлөгч компанийн тухай мэдээллээ холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан байх ёстой. Хамгийн сонин нь хятадуудын хохирлыг барагдуулахын тулд албан тушаалаа ашиглан арилжааны банкууд дахь “Алтайн хүдэр” компанийн дансны хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичиг явуулж, нийт 22 дансыг битүүмжлэн, компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг үгүй хийсэн аж. Энэхүү хууль бус үйлдэл нь “Алтайн хүдэр” компанид санхүүгийн томоохон асуудал үүсгээд байгаа гэнэ.  Түүгээр ч үл барам “Алтайн хүдэр” компанийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг БНБУ-ын ЭСЯ-нд удаа дараа дайрч орж, хамгаалалтын ажилтны шаардлагыг биелүүлээгүйгээс гадна, “Ер нь би танай үйл ажиллагааг зогсооно” гэж 12 цагдаагийн хамт ирж хүч хэрэглэн сүрдүүлсэн тохиолдол хүртэл байдаг юм байна.

Санхүүгийн хямралтай өнөөгийн нөхцөлд ажилчдынхаа цалинг тавьж, шинээр ажлын байр бий болгохоор чармайн ажллаж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай “Алтайн хүдэр” компанид явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэгийн дээрх хууль бус үйлдлийг төрийн нэрийн өмнөөс хийж буй шударга үйл ажиллагаа бус авлига, амин хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж буй хууль бус сонирхол гэж үзэхээс өөр аргагүй.

Иймд өдгөө Монгол улсад ямар ч бүртгэлгүй зугатан алга болсон хэрнээ төрийн албан хаагчдыг авилгалдан дотоодын компанийг дарамтлуулж байгаа тус “Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” рүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг мэтийн албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа этгээдүүд хаанахын ямар дансаар хичнээн удаагийн гүйлгээ хийж, хичнээнийг нь авилгал болгон авсан болохыг нь илчилж, шударга, шуурхай ажиллахыг хүсч “Алтайн Хүдэр” компаний зүгээс саяхан Хууль зүйн яамны сайд, НШГА, АТГ зэрэг газруудад өргөдөл гаргаад байна.

Төлбөртэй нийтлэв

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна