Г.Шийлэгдамбын мэдээллээр П.Цогтбаатарыг шалгаж эхэлжээ

2016 оны 2 сарын 19

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Судалгаа шинжилгээний албаны дарга н.Дуламсүрэн, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Сүх-Очир, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр тэргүүтэй албаныхан оролцсон юм. Энэ үеэр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

-МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг ямар үндэслэлээр саатуулсан бэ?

-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллагаас шалгаад прокурор руу шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлигал авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухай гарсан. Энэ үндсэн дээр өөрийнх нь гаргасан мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Г.Шийлэгдамбыг авлигын мөнгөө намын бусад гишүүддээ өгсөн тухай ярьж байна. Авлига гэдэг нь тогтоогдсон уу, нөгөө талаас намын санхүүжилтийг хандиваар авдаг гэх хэсэг байна?

-Хандив, авлига хоёрын хуулийн ойлголт өөр. Монгол Улсын эрүүгийн хуулийн 268 буюу хээл хахууль авах хэрэгт холбогдуулан шалгаж байна. Гэмт хэргийн шалгалтын ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас нарийн мэдээлэх боломжгүй.

-Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ. Интерполоор эрэн сурвалжлагдсан хүмүүс эх орондоо ирж мэдүүлэг өгнө гэж мэдээлж байсан?

-Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэргийг шалгаж байна. Анх цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокуророос АТГ-т харьяалал тогтоогоод цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгуулаад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж буй хүмүүс эх орондоо ирэх талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар эх орондоо ирж, хэргийнхээ талаар ярьсан зүйл байхгүй. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байна.

-Эдгээр хүмүүс эх орондоо ирэхгүй энэ чигтээ байвал цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн этгээдүүдийн амьдарч буй улс оронтой Монгол Улс эрхзүйн харилцан туслах гэрээтэй тохиолдолд эргүүлэн авчрахад саадгүй. Ийм гэрээгүй тохиолдолд тухайн улсаас Монгол Улсад авчирч өгөхөөс өөрөөр бид очиж барих боломж тааруу.

-Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байна вэ?

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байна. Прокурорын байгууллага руу шийдвэрлүүлэх саналтайгаар удахгүй шилжүүлнэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэдий хугацаанд төрийн албанд ажиллах боломжгүй гэх дүгнэлт гаргасан бэ?

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлсэн. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна