Оросууд «дөрвөлжин талхаа» шинэчлэв

2016 оны 2 сарын 19

«УАЗ» компани оросуудын дунд “дөрвөлжин талх” хочтой, манайхны “фургон” гэдэг  машиныхаа шинэчилсэн загварыг танилцуулав. Машины жолоочийн урд самбарыг шинэчилж, урд суудлыг  дулаалгатай, түшлэг нь хөдөлдөг зохицуулалттай болгосон байна.

“Дөрвөлжин талх” анх 1965 онд гарч ирсэн бөгөөд сүүлчийн шинэчлэлийг нь 2011 онд хийжээ. Шинэ загварынхаа интерьерийн зургийг Ульяновын автозавод танилцуулаагүй ч урд самбарыг харуулсан ганцхан зураг нь «Уазбук» сайтад тавигдсан байна.

Шинэ  төхөөрөмжүүдээс гадна “дөрвөлжин  талх” товчлууруудын шинэ байрлал, дулаалгын болон аюулын дохионы шинэ дохиоллын удирдлага зэрэгтэй болсон харагдав.

Мөн машины  радио тоглуулагч, 12 вольтын розетка, бээлийний савтай болжээ. Жолооны хажууд арааг солигчийг хийж өгчээ.  

Энэ бүгдийн зэрэгцээ, «УАЗ» машины арилжааны загварт нь дуу чимээний болон донсолгооны эсрэг үйлчилгээг нь сайжруулсан байна. Арын эгнээнд нь нэмэлт халаалга  гарч иржээ. Машины рамыг болон бүхээгийн бэхэлгээг бэхжүүлсэн байна.

Хөдөлгүүрт нь өөрчлөлт орсонгүй. Шинэ загварыг 112 морины хүчтэй, 2,7 литрийн эзлэхүүн бүхий  ЗМЗ-409  маркийн бензиний  хөдөлгүүр хөдөлгөөнд оруулдаг. Хурдын хайрцаг нь таван шатлалын механик ажиллагаатай.

Шинэ машиныг  ачааны болон зорчигчийн гэсэн хоёр хувилбараар гаргаж байна. Мөн аж үйлдвэрийн барааны, талх зөөх тусгай бэлэн тавиуруудтай. Үнэ нь  389 мянга 990 рубль гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна