Нийслэлийн цэргийн штабын офицерууд сургалтад хамрагдаж байна

2016 оны 2 сарын 19

 

Нийслэлийн дүүргүүдийн цэргийн штабынхан номын дуу сонсч эхэллээ. Батлан хамгаалах яамнаас жил бүрийн эхний улиралд дүүргүүдийн цэргийн штабынханд сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Сургалтыг Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нээж үг хэлснээр эхлүүлсэн бөгөөд үүний дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан цэргийн штабын офицеруудад үүрэг чиглэл өглөө. Б.Батсайхан даргын зүгээс өнгөрсөн жил Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай холбогдуулан төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл болох нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар сургалтанд хамтран оролцож байгаад талархал илэрхийлсэн. 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд бид Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Одоо бидний өмнө “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тусгах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлж, “Инженерийн рот”-ыг бэлтгэн, илгээх асуудлаар шийдвэр гаргуулах зэрэг томоохон ажлууд хүлээж байгааг тэр яриандаа онцолж байв. Эцэст нь цэргийн штабын офицеруудад БХЯ-ны итгэлт элч төлөөлөгч болон ажиллаж байгаа учраас хамтран ажилладаг иргэний байгууллагуудтайгаа нягт нямбай, хариуцлагатай ажиллахыг сануулж, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээлээр дүүрэн байж өсч дэвжихийг хүссэн юм.