Байгалийн түүхийн музей барилгатай болох уу?

2016 оны 2 сарын 19

Гуравхан баллын газар хөдлөлтөд нурах аюултай болсон Байгалийн түүхийн музейн барилгыг шинэчлэхэд 24 тэрбум төгрөг шаардлагатай. Тухайн музейн барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсны дараа салбар яамнаас нь шууд 350 гаруй сая төгрөг гаргаж музейн шинэ барилгын зураг төслийг боловсруулж, батлуулсан байх юм. Долоон давхрын өндөртэй, 15 мянган мкв талбайтай Ази тивийн хамгийн том Байгалийн түүхийн музей болох том мөрөөдөл агуулан музейн барилгын зураг төслийг гаргасан ч, одоог хүртэл УИХ тус музейн барилгын санхүүжилтийг шийдэж өгөөгүй л байна. Музейн удирдлага, салбар яам нь зөвхөн улсын төсөв хараад суух биш, буцалтгүй тусламж үзүүлдэг олон төрлийн Олон улсын байгууллагуудад хандсан ч одоогоор нааштай хариу илгээсэн газар алга. Гэхдээ Байгалийн түүхийн музейнхэн  Япон улсын Жайка төсөлд хамгийн их найдлага тавин, харж сууна.

Дэлхийд хэмжээгээрээ эхний тавд жагсдаг 582 килограммын жинтэй, үнэлбэл тэрбум төгрөг хүрэх солир зэрэг 1860-аад оноос өнөөг хүртэлх Монголын байгаль, ан амьтан, ургамал судлалыг илтгэх түүхэн үнэт үзмэрүүд Байгалийн түүхийн музейд бий. Гэхдээ өнөөдөр долоон төрлийн 14 мянга гаруй үзмэр дэлгэгдэн тавих газар, барилгагүйгээс болж далд хадгалагдаж байна. Үзмэрийн хадгалалтад санаа зоволтгүй, олон улсын стандарт нийцсэн хайрцаг, саванд хийж савласан тухайгаа музейн захирал Н.Зоригтбаатар ярьсан юм. Эдийн засгийн эргэлтэд дээрх үзмэрүүдийг оруулбал Байгалийн түүхийн музей жилдээ 160-180 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Энэ нь бусад долоон музейн нэг жилийн орлогыг нийлүүлсэн хэмжээний мөнгө болох нь ээ. Монголыг зорьсон жуулчдын хамгийн ихээр орохыг хүсдэг газар нь энэ музей гэнэ. Улмаар жилдээ дунджаар 60-120 мянган хүн Байгалийн  түүхийн музейн үзмэрийг сонирхдог байжээ.

Үнэт үзмэрүүдээ үзэгчдэдээ дэлгэн харуулах барилгагүй болсон музейн захиргаа ажилчдаа цөөлж эдийн засгийн хэмнэлт хийж сууна. Зөвхөн эрдэм шинжилгээний ажилчдаа авч үлдэн хуучирч, муудсан, дэлгэн харуулах боломжгүй болсон зарим ургамал,чихмэл зэрэг үзмэрээ арчилж, тордох, шинэчлэх ажлыг хийж байна. Өнгөрсөн 2015 он гэхэд БНСУ-ын эрдэм шинжилгээний ажилчидтай хамтарч хайгуул хийж, 700 шинэ үзмэрээр, музейн сан хөмрөгөө баяжуулжээ. Байгалийн түүхийн музейн 14 мянган гаруй үзмэрийн 30 хувь нь элэгдэж, заавал шинэчлэх шаардлагатай болсон байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна