Зохион байгуулалттай халдаж байна гэв

2016 оны 2 сарын 19

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг жирэмсэн эмэгтэйн биед халдсанаар биеийн байдал нь муудсан тухай зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй. Энэ асуудалтай холбогдуулж Засаг дарга Д.Пүрэвдаваа “Би эмэгтэй хүнд гар хүрч байсан удаагүй. Н.Эрдэнэ /тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвийн дарга/ огт үндэслэлгүй худал зүйл ярьж, зохион байгуулалттайгаар нэр хүндэд халдаж байна. Түүний энэ гүтгэлэг нь зохион байгуулалттай халдлага байж болох талтай. Тодорхой шалтаг, шалтгаан бий болов уу. Н.Эрдэнэ дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргын албан тушаал хашиж байхдаа алдаа дутагдал их гаргасан байдаг. Ажилчдынхаа цалинг хасч, өвчтэй байгаа ажилтандаа хүртэл арга хэмжээ авсан тохиолдол бий. Тиймээс зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдол ирж байсан. Ийм учраас 2015 оны тавдугаар сарын 20-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр албан тушаалыг нь бууруулж ахлах мэргэжилтэн болгох шийдвэр гаргасан байдаг” хэмээв.


Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Н.Эрдэнийн зүгээс ажил үүргийн шугамаар тэр дундаа төсөвтэй холбоотой асуудлаар олон шаардлага тавьдаг ч хүлээж авдаггүй, энэ нь сүүлдээ бидний дунд маргаан үүсгэж тушаал буурах үндэслэл болсон гэдэг зүйлийг хэлж байна. Та харин ямар тайлбар хийх вэ?

-Ямар нэгэн байдлаар тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулахад дүүргийн Засаг дарга оролцдоггүй. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн төсөв Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагддаг. Би тус төвийн үйл ажиллагаанд нь тусалсан уу гэхээс буруу үйлдэл, шийдвэр гаргаж байгаагүй. Н.Эрдэнэ гэдэг хүн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв байгуулагдсанаас хойш 2 жил гаруй хугацаанд ажилласан байгаа юм. Тухайн албыг авч явахдаа алдаа дутагдал олон гаргаж байсан. Тиймээс л ажлаас нь халаагүй, албан тушаалыг нь бууруулсан.

-Таныг Засаг дарга болохоосоо өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй учраас ажилчидтайгаа ёс зүйгүй харилцдаг гэж Н.Эрдэнэ хэлж байгаа?

-Би хоёр даргатай хүн. Нэг нь манай дүүргийн Иргэдийн хурлын дарга, нөгөө нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл. Хэрэв би энэ албан тушаалд тэнцэхгүй байсан бол төрийн байгууллагууд халах шийдвэрээ гаргах ёстой. Сануулж хэлэхэд, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн албан хаагчдыг би оройн цагаар аль нэг албан тушаалтантай уулз гэж нэг ч удаа шахаж шаардаж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Би мэргэжилтэнтэй холбогдож ажилладаггүй. Намайг төрийн албанд ажиллаж байсан эсэхийг хууль хяналтын байгууллагаар тогтоолгоорой.

-Н.Эрдэнэтэй та уулзсан уу. Биед нь халдсан гэдэг дуулиан тарьснаас хойш?

-Н.Эрдэнэ эрүүл, саруул ажлаа хийгээд л явж байгаа.

-Та энэ асуудлыг зохион байгуулалттай халдлага гэлээ. Захиалагч нь хэн гэж?

-Би хувьдаа энэ бол цэвэр сонгуулийн, улс төрийн үйл явц эхэлж байна гэж таамаглаж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна