Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүний эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Намрын ээлжит чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхэд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагааны хугацаа  дуусгавар болсон хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах  саналыг  Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс ч уг асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа билээ. ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал дээр УИХ-д болон иргэдийн дунд маргаантай, зарим талаар ойлголтын зөрүүтэй, талцал байна. Энэ маргааныг тойроод гурван асуудал байна. Нэгдүгээрт, цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгт тавигдах шаардлага мөн үү, гүй юу. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчсөн бол зөрчсөн асуудлаар нь цэц шийдвэр гаргах ёстой. Анх илгээсэн байгууллага санал гарах ёстой. Энэ хоёр цугтаа байж асуудал явах ёстой гэж зарим хүмүүс тайлбарлаж байна. Хоёрт нь дээд шүүхийн санал нь “санал” мөн байсан уу үгүй юу гэж маргаж байна. Дээд шүүхийн саналыг УДШ-ийн Ерөнхий шүүгч гаргах ёстой байсан уу эсвэл УДШ-ийн нийт гишүүн хуралдаж гаргах ёстой байсан уу гэдэг маргаан явж байна. Гуравт нь ҮХЦ-ийн  даргыг хууль зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ гэдэг маргаан байна. Үүнээс бусад нь хийрхэл маягтай байна. Энэ гурван асуудал дээр тайлбар хийлээ.

Нэр бүхий хуульчид, ҮХЦ-ийн гишүүд, МАН-ын зарим гишүүд Монгол Улсын ҮХ-ийн 65 дугаар зүйлийн 4-т заачихсан байгаа ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэрт анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно гэсэн энэ заалтын цэцийн шийдвэр анх илгээсэн байгууллагын санал зэрэгцээ байх ёстой гэсэн тайлбар хэлж байгаа. Цэцийн дарга болон цэцэд байгаа нэр бүхий хуульчид намайг оюутан байхад хичээл заахдаа энэ хоёр бол эсхүл гэдэг үгээр холбогдсон тусдаа зүйл гэж заадаг байсан. Гэхдээ өнөөдөр өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөд энэ хоёр зэрэгцээ байх ёстой гэж шаардаж байгаа юм билээ.

1992 оны 5 дугаар сарын 6-ны Улсын бага хурлын тэмдэглэл. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Батлагдсанаас хойш гурван сар хүрээгүй байхад Улсын бага хурал цэцийн тухай хуулийг баталсан. Тэр үед гишүүд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг бичсэн тэмдэглэл байна. Энэ тэмдэглэлийн 22 дугаар хуудсанд “Эсвэл цэц өөрөө шийдвэр гаргана. Эсвэл энэ талаар илгээсэн байгууллага нь санал болгосон бол гэсэн хоёр эх үүсвэрийг ойлгож байгаа шүү. Энэ хоёр бол нэг холбоосоор биш эсвэл гэдгээр холбогдож байгаа шүү” гэсэн байгаа юм. Иймд баримтад тулгуурлаж ярих бус өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан тайлбар хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаар асуудал. УИХ-д ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлаар Улсын дээд шүүхээс саналтай эсэх асуудлыг УИХ-аас тавьсан. Тэр асуудал дээр дээд шүүхийн санал байдлаар Ц.Зориг ерөнхий шүүгч бичиж ирүүлсэн. Одоо үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1 дээр тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх эрхийг УДШ-ийн Ерөнхий шүүгчид өгсөн байгаа. Харин Цэцийн дарга гишүүдийг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хууль, тогтоомж дээр зохицуулаагүй байгаа. 1993, 2002 онд Шүүхийн тухай хуулийг баталсан байдаг. Энэ хоёр хуулийн 24 дүгээр зүйлийн 6.8-д, 15 дугаар зүйлийн 6.7-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох гэдэг ийм л зохицуулалттай. Тэгсэн мөртөө ҮХЦ-ийн гишүүнийг эргүүлэн татах юм уу, тэр асуудлаар санал гаргах ямар ч зохицуулалт байхгүй. Ердийн хуулиар зохицуулаагүй бол Үндсэн хуулийн заалтыг барих ёстой. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүд хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татна. Санал гаргах эрх нь одоо байгаа хуулиар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид байгаа. Тиймээс энд хууль зөрчсөн эсвэл Үндсэн хууль зөрчсөн ойлголт байхгүй.

Гуравт нь хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ. Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эгүүлэн татна. ҮХЦ-ийн тухай хуулийн гуравдугаар зүйл дээр Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллага тогтоосон бол түүнийг цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай ҮХЦ-ийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ-д эргүүлэн татаж болно гэсэн хууль байсан. Энэ хуулийг сая Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээрээ эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллага тогтоосон гэдгийг түдгэлзүүлчихсэн. Цэц УИХ-д ирүүлсэн дүгнэлтдээ 2015 оны хоёрдугаар сарын 14-ны гуравдугаар дүгнэлт гэж бичсэн байна лээ. Хурал нь уг нь 2016 онд болсон юм билээ. Яагаад 2015 он гэж бичсэнийг мэдэхгүй байна. Тэр дүгнэлтийнхээ 7-д эсвэл хууль зөрчсөн эрх бүхий байгууллагаас тогтоогдсон гэдгийг түдгэлзүүлж байна гэж бичсэн байна лээ. Тэгэхээр ердийн хуулин дээр байгаа эрх бүхий байгууллагыг хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэг хуулийн үйлчлэл байхгүй болсон. Тэгэхээр Үндсэн хуулийн шалдан заалт шууд үйлчилнэ. ҮХ-ийн 65-р зүйлийн 4-т зааснаар ҮХЦ-ийн дарга, гишүүн хууль зөрчвөл ҮХЦ-ийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан байдаг. Иймд анх илгээсэн байгууллага буюу УДШ-ийн санал байна. УИХ одоо эргүүлэн татах асуудлыг шийднэ. Өөр хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй. Зохицуулж байсан ганц заалтыг ҮХЦ сая түтгэлзүүлчихсэн.

ҮХЦ энэ заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол УИХ-ын Тамгын газрын дарга эрх бүхий байгууллага гэдэгт багтах уу, үгүй гэж маргаж болох байсан боловч ганц маргаж болох заалтаа өөрсдөө түдгэлзүүлчихсэн.

Одоо ҮХ-ийн шалдан заалтаар УИХ өөрийнхөө бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. ҮХ-ийн энэ заалтыг ҮХЦ хууль бус, буруу гэж дүгнэх ямар ч боломж байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх эрх зүйн зохицуулалт одоо ямар нэгэн ҮХ зөрчсөн асуудал биш харин ҮХ-ийн өөрийнх нь заалтыг хэрэглэж УИХ ажиллах тухай асуудал юм.

Үүсээд байгаа асуудлыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахгүй бол УИХ дээр өнөөдөр ҮХЦ-ийн даргыг хууль зөрчсөн эсэх асуудал хөндөхөд МАН-ынхан болоод зарим гишүүд ҮХ-ийг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Тэгвэл хуулиа унших хэрэгтэй. Хуульчид цагаан дээр хараар бичсэн хууль заалтад тулгуурлаж тайлбар хийдэг болохоос хувийн бодлоор аливаа асуудалд хандах ёсгүй” хэмээгээд ҮХЦ-ийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэхийг тайлбарласан юм.

Тэрбээр” Монгол Улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригтод ҮХЦ-ийн дарга өөрийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлсэн. Ганц Ц.Зоригтод явуулаагүй УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим, Иргэний хэргийн танхим, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нар болоод Тамгын газрын даргад дээрх албан бичгийг явуулчихсан. Яг үүнтэй утга агуулга нэг албан бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлсэн. Мөн хувилбарыг нь зарим гишүүдэд хүргүүлсэн байдаг. Энэ үйлдэл нь хууль зөрчихөд хүргэсэн гэж үзээд байгаа юм. Яагаад гэвэл ҮХ-д болон одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ҮХЦ-ийн тухай хууль болон ҮХЦ хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Дунд суудал хуралдаж шийдвэр гаргаагүй байхад ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрийн гарын үсгээр УИХ болон УДШ-д ийм бичиг явуулах эрх байхгүй. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болж тэрхүү хурлаар ҮХ зөрчсөн эсэхийг шийдвэрлэж байж албан бичгээ хүргүүлэх ёстой. Гэтэл ҮХЦ-ийн дарга урьдчилсан дүгнэлт хийгээд, сая баталсан Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд ҮХ зөрчиж байгаа тул үйлчлүүлэхгүй байна уу гэсэн утга бүхий албан бичиг илгээсэн.

ҮХЦ-ийн дарга Дээд шүүх рүү явуулсан бичиг дотроо хуулийг хэрхэн хэрэглэх талаар заавар өгсөн байгаа юм. Гэтэл Шүүхийн тухай болон Үндсэн хуулин дээр”Шүүгчийг  эрх мэдлээ хэрэгжүүлэхэд  хэн боловч хөндөнгөөс үл нөлөөлнө” гэсэн маш тодорхой заалт байна.

Дээр нь УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй холбоотойгоор тогтоосон хуулийг түдгэлзүүлэхэд  гагцхүү ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар дүгнэлт гаргадаг. Гэтэл хоёрдугаар сарын 15-нд үйлчлэх хуулиудыг үйлчлүүлэхгүй гэж гарын үсгээ зурсан байна.

Энэ нь ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа өөрийнхөө гарын үсгээр Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хуулиудад заасан хууль тогтоомжуудыг илт зөрчсөн гэсэн дүгнэлт гарч байна. Өөрөө төдийгүй ҮХЦ-ийн гишүүдээ хууль зөрчихөд хүргэсэн.

УИХ-ын дарга З.Энхболд танаа “УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” гээд 8 гишүүнийхээ гарын үсэгтэй сонордуулга албан бичиг явуулжээ. Цэцийн шийдвэр, дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй. Өөрсдөө тохиож 3 дахь шийдвэрийг гаргасан нь УИХ захирамж байгаатай яг адил. Өөрт олгогдоогүй шийдвэрийг урьдчилсан дүгнэлттэйгээр явуулж, гарын үсэг зуржээ. 

Дунд суудлын хуралдаанаар УИХ илт хууль зөрчсөн  хэрэг үүсгэсэн шийдвэр гаргасан. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилвол УИХ өөрөө хууль зөрчсөн болно гэдэг бичиг явуулсан. Хэрвээ дунд суудлын хуралдаанд орсон бол  ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа болон нэр бүхий 8 гишүүдээс энэ маргааныг шийдвэрлэхийг татгалзах эрхтэй байлаа. Яагаад гэвэл урьдчилсан дүгнэлтийг дээрх байдлаар гаргасан хүн маргалдах эрхгүй гэж Цэцийн тухай хуульд заасан байгаа” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Найман гишүүн хууль зөрчиж гарын үсэг зурлаа гэж байна. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаагаас гадна Цэцийн гишүүдийг эгүүлэн татах асуудал хөндөгдөхөөр байна уу.

-Энэ асуудал хөндөгдөх байх. Төрийн байгууллагын өдөр тутмын ажил, шийдвэр гаргахад хуульд заасан эрхийн дагуу бичдэг. 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гаргасан ҮХЦ-ийн албан бичигт байгаа шийдвэр Үндсэн хуулийн ямар заалтаар гаргасныг тодруулна. Хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй учир үүнд маргаан гарах байх.

Өмнөх шийдвэрээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Дээд шүүх руу явуулсан. Цэцийн даргын гарын үсэг бүхий шийдвэр өөрт нь ямар хуулиар олгогдсон эрх вэ гэдгийг мөн тодруулах хэрэгтэй. Тухайлбал, анхан шатны эрүүгийн шүүх дээр гэмт хэрэгт холбогдсонтой холбоотой иргэний маргаан үүсч, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал товлогдлоо гэж бодъё.  Гэтэл тэр гурван шүүгч хуралдаж шийдвэрээ гаргаагүй байхад тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч “Энэ хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна” гээд өөрөө гарын үсэг зураад шийдвэрлэж байгаатай яг адил. Ингэснээр шүүгч шууд ажлаасаа халагдаад, албан тушаалаа ашигласан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэнэ. ҮХЦ-ийн даргын асуудал үүнтэй л адилхан пакт.

-Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэх үү?

-Тийм, ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг огнооноос нь эхлээд хэлэлцэнэ. Баланк дээр 2015 оны 2 дугаар сарын 15 гэсэн жилийн өмнө гарсан дүгнэлт маягийн огноотой. Мөн хүчин төгөлдөр болоогүй, эцсийн найруулгыг сонсоогүй байхад иргэдээс мэдээлэл аваад хэрэг үүсгэсэн байсан. Дүгнэлтдээ яг тэрийгээ дурдаад, хэрэг үүсгэсэн гэсэн тайлбар тавьсан  нь зөрчилдөж байгаа юм. Дүгнэлттээ хамгийн их маргаан дагуулж байгаа 65 насыг огт дурдаагүй. Харин эсрэгээрээ Цэцийн хуралдааны тэмдэглэлийг, цэцийн гишүүний байр суурийг ил болгох асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна.  Хууль зөрчсөн эсэхийг хэн тогтоох вэ гэдэг асуудлыг дүгнэлтээрээ үгүйсгэсэн байна лээ.

Хэрвээ ҮХЦ-ийн хуралдааны  тэмдэглэл ил болвол ҮХЦ-ийн дарга  “lexus-570” гэдэг машин аваад шийдвэр гаргахын тулд хэрхэн урьдчилсан дүгнэлт хийж байсан яриа нь ил болно. 

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа Дээд шүүхэд явуулсан бичигтээ “Нэгэнт ҮХЦ-д маргаан үүсгэн шалгагдаж байгаа тул дээр дурдсан хуулиудыг хэрэглэж, аливаа шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийг ил зөрсөн үйлдэл болох талаар сануулах бичгийг УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн. Холбогдох хуулиар Үндсэн хуульд заасны  дагуу ҮХЦ-д маргаан үүсгэн шалгаж байгаа энэ үед УДШ-ээс ҮХЦ-ийн гишүүн тодорхой хүнийг УИХ-д санал болгон Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүй байхыг үүгээр уламжилж байна” гэжээ. Энэ бол маш ноцтой зүйл. Дээд шүүхийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг хэн нэг албан тушаалтан зааж болох уу. Энэ гэмт хэрэг мөн үү гэдэг асуудал яригдах байх.  УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн бичгээсээ илүүтэйгээр УДШ-д хүргүүлсэн бичигт  шүүх эрх мэдэл рүү халдсан ноцтой асуудал байна. ҮХЦ-ийн дарга хууль зөрчсөн нь Шүүхийн, Иргэний, Эрүүгийн шүүхийн аль нэгэнд хамаардаггүй. Энэ нь Үндсэн хуулийн харилцааны асуудал. Тийм учраас нэг бол УИХ өөрөө шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж