Халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно

Монгол Улс цахим гарын үсгийн хэрэглээг ирэх сарын 1-нээс нэвтрүүлэх гэж байна. Энэ нь хувь иргэн, аж ахуйн нэгж аль алинд нь давуу боломж олгоно хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Хувь иргэнд

  1. Бичиг цаасны ажил хөөцөлдөх үед заавал өөрийн биеэр очиж гарын үсэг зурах шаардлагагүй болно. Та цахим гарын үсгээ шуудангаар илгээхэд л хангалттай.

  2. Төрийн үйлчилгээг интернэтээр авах боломжтой болно.

ААН-д

  1. Жишээ нь нийгмийн даатгалын байгууллага эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг дөрвөн сая гаруй иргэний мэдээллийг авдаг. Цахим гарын үсгийг нэвтрүүлснээр иргэдийн дээрх мэдээллийг ч гэсэн албан ёсных болгож баталгаажуулж байна гэсэн үг юм.

Тэгвэл ирэх сарын 1-нээс иргэдэд цахим гарын үсгийг олгож эхэлнэ. Ингэхдээ иргэн бүр цахим гарын үсэгтэй бол гэж шаардахгүй. Өөрсдөө хүссэн тохиолдолд цахим гарын үсгээ Бүртгэл статистикийн ерөнхий газрын салбар нэгжүүдээс авч, иргэний үнэмлэх дээрээ бичилт хийлгэх юм байна.

Эхний ээлжид цахим гарын үсэгтэй болсон иргэд төрийн зургаан байгууллагын үйлчилгээг авна.  Ялангуяа иргэдийн хувьд халамжийн үйлчилгээ авахдаа бичиг баримт хөөцөлдөж, гарын үсэг зурахаар ирж очих нь их байдаг учраас эхний ээлжид халамжийн байгууллагыг оруулжээ. Цаашлаад Худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гааль татварын ерөнхий газрын үйлчилгээг авахдаа цахим гарын үсгээ ашиглаж болох юм байна.

Цахим гарын үсгийг иргэд нэг жилийн хугацаатай 5000 төгрөгөөр авна. Харин албан байгууллага, бизнесийнхэн төрлөөсөө хамаарч цахим гарын үсгийг 40-230 мянган төгрөгөөр авах юм байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж