Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ горимын санал гаргах гэсэн боловч УИХ-ын дарга шууд санал хураалаа.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Томилсон байгууллага чөлөөлөх санал оруулж ирж байгаа юм бол саналаа яагаад УИХ-д оруулж ирээгүй юм бэ. Бичгэндээ хуульд зөрчжээ гээд, гэхдээ томилсон байгууллага хууль зөрчсөн эсэхийг тогтоохгүй, зөвхөн шүүх тогтооно. Томилсон байгууллага нь юуг үндэслэж чөлөөлөхөөр оруулж ирж байна вэ. Хоёрдугаарт, хэн нэгнийг огцруулах тухай ярих гэж байгаа юм бол Засгийн газрын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. ҮХЦ-ийг Засгийн газар “Lexys-570”-аар хахуулдсан. Хэрвээ хэн нэгнийг гэмт хэрэгт түлхэн оруулсан бол адилхан хариуцлага хүлээдэг. Цэцээрээ туг тахиж байгаагийн цаад шалтгаан юу юм. Ардчилсан намын даргын асуудал яригдах гээд байгаа учраас хүч түрэх гээд байгаа юм уу.

Шүүх хуралдааны дүгнэлтээ шийдвэрээ үзүүлээч, Ж.Амарсанаа гишүүнийг өмөөрч байгаа юм биш. С.Баярцогт гэдэг хүнээс болоод бүхэл бүтэн гишүүний эрхийг хүчингүй болгочихсон хүнийг өмөөрөхгүй.  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хууль зүйн хэд, хэдэн ойлголтыг андуурч хэрэглэх шиг боллоо. Томилдог байгууллага нь УИХ өөрөө. Улсын Дээд Шүүх зөвхөн нэр дэвшүүлдэг. Эргүүлэн татах эрх мэдэл нь УИХ-д бий. Энэ хуулиудаа уншаарай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн тухай хуульд Цэцийн гишүүнийг эгүүлэн татах болон асуудал зохицуулалтгүй. УИХ-д 25 жил суусан хүмүүсийн ажлаа хийгээгүйн гор. Улсын Дээд Шүүхийг гадагш болон дотогш төлөөлөх эрх нь зөвхөн УДШ-ийн ерөнхий шүүгчид л бий. Энэ тохиолдолд эцэслэх үүрэг нь ерөнхий шүүгч. Ерөнхий шүүгч эрхийнхээ хүрээнд УИХ-д буцааж бичиг ирүүлсэн. Бичигт УДШ-д тодорхой санал алга гэсэн. Цэцийн гишүүнийг хууль зөрчсөн эсэхийг тогтоох байгууллага Монгол Улсын аль ч хуульд байхгүй. Шүүх тогтоох тухай ч зохицуулалт байхгүй, эрх бүхий байгууллага тогтоох тухай ч байхгүй. Зөвхөн гэмт хэрэг хийсэн хүнд ял тогтоох бол шүүхээр шийднэ гэсэн заалт байгаа. ҮХЦ-ийн даргыг хууль зөрчсөн гэдгийг шүүхээр тогтоохгүй. Тийм учраас Үндсэн хуулиа  уншаарай хэлэлцэх үеийн протколоо уншаарай гэсэн хариулт өгсөн юм.

Намрын чуулганаас эхлэн маргаан дагуулсан Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудал ийн эцэслэгдлээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд УИХ дахь МАН-ын бүлэг бүрэлдэхүүнээрээ оролцсонгүй.

Бүлгийн зүгээс өмнө нь Цэцийн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй, Үндсэн хууль зөрчсөн асуудал болно гэсэн тайлбар хийж байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж