Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна

2016 оны 2 сарын 19

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна.

Тус байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд Эрүүгийн  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна.

Мөн цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ.

Цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдэлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгасан аж. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгажээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, түүнчлэн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах шийдвэрлэх журам. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж, энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг  тусгажээ.

Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар заалаа.

Гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахдаа Гүйцэтгэх ажлын тухай хууль, болон тусгай журмаар зохицуулж, “гүйцэтгэх ажлын хавтаст хэрэг” тусгайлан нээж, хүний эрхэнд зөвшөөрөлгүй халддаг, түүнчлэн цуглуулсан баримт, мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байгааг харгалзан үзэж энэ ажиллагааг зөвшөөрөл, хяналтын доор хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу явуулах, ингэснээр цуглуулсан баримт мэдээллийг нотлох баримтад тооцохгүй байхаас хамгаалсан зохицуулалтыг тус бүр оруулжээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна