Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.02.19/ хуралдаан 16 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай”хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлаар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг тухайн үеийн ХХААХҮЯ-наас “Биокомбинат” ТӨҮГ-ын шинэчлэлийн төслийг хоёр үе шаттайгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн боловч шалгарсан компани нь заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон аж. Иймээс Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.

Уг хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд уг хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохоор тогтсон. Иймээс хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн дагуу дээрх хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зуржээ. Харин уг зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын “Олон улсын гэрээний тухай” хуульд заасны дагуу Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар өргөн мэдүүлсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна.

Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.

Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүү ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэх, улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Уг төсөл нь лаборатори, хяналт, шалгалт, хоиро цээрийн байгууламжийг шинэчлэх, хяналт, шалгалтын удирдлагын системийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 15 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж