Төсвийн байнгын хороо татварын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2016 оны 2 сарын 19

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.19/ хуралдаан 16 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн татварын тухай дөрвөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ өдрийн байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг даргалан явуулсан бөгөөд тус байнгын хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан эмнэлгийн чөлөөтэй байгаа юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулав.

Тэрээр, 1990 оноос хойш батлагдсан Татварын тухай хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг судлан үзэхэд татварын төрлийн хувьд давхардсан тоогоор нийт 101 төрлийн хууль батлагдсанаас 46 төрлийн хууль нь хүчингүй буюу үйлчлэл нь дуусгавар болж, 55 төрлийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хугацаанд татварын хуульд нийтдээ 232 удаа 668 төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулсны 53 хувь нь улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг өөрчилсөн өөрчлөлт, 22 хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд байгаа нь татварын тэгш, шударга, тогтвортой байх зарчмыг үндсэнд нь алдагдуулаад байна хэмээв.

Мөн зарим салбарын хууль тогтоомжоор татварын харилцааг зохицуулж, агуулгын хувьд давхардал үүсгэж байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулан хүнд суртлыг бий болгож татвар төлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм байна.

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох зайлшгүй шаардлагыг харгалзан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн гараагүй тул хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Дээрх хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Болор тус тус танилцуулсан.

Сангийн сайдын танилцуулсан хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух болон санал хэлэх гишүүн байгаагүй тул хэлэлцэх эсэх асуудлаар санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Ингэснээр дээрх Аж ахуйн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, импортын цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна