Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах тухай яриа Төрийн ордонд тархаад байна. Ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх шийдвэр гаргасан. Дараа нь байнгын хороод үргэлжлүүлэн хуралдсан юм. Тодруулбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус бүр хуралдан, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн дэмжлээ. Эдгээр асуудлуудад зээлийн хэлэлцээр багтаж байгаагийн зэрэгцээ Татварын шинэчилсэн багц төслүүд багтаж буй юм.

Яг одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилж буй юм. Уг байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Тус байнгын хороо хуралдаж дууссаны дараа залгуулан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж, байнгын хороодоос оруулж ирсэн төслүүдээ дэмжин, хэлэлцэн эсэхийг шийдсэнээр ээлжит бус чуулганыг хаах бодлого барьж буй бололтой.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн ихэнх нь шинээр өргөн мэдүүлсэн төслүүд аж. Эдгээрийг УИХ-ын төвшинд сайтар боловсруулахад цаг хугацаа шаардлагатай тул мэргэжлийн байнгын хороод нь хаврын чуулган хүртэл боловсруулж, ажиллах үүрэг хүлээж магадгүй юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж