Хөдөлмөрийн сайд “Ур чадвар-2016” улсын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайд “Ур чадвар-2016” улсын уралдаанд оролцогчдод амжилт хүслээ

Оёдлын мэргэжлээр сургалт явуулдаг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын багш суралцагчдын дунд хоёр жил тутам зохион байгуулдаг “Ур чадвар” улсын уралдааны нээлт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежид боллоо.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, багш, сурагчдад амжилт хүслээ. Тэрбээр хоёр жил тутам болдог энэ тэмцээний хүрээ өмнөхөөс өргөжсөнийг сайшаагаад  “Монгол Улсын Хөдөлмөрийн яам байгуулагдсан цагаасаа залууст мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, ур чадвартай мэргэжилтэн болгоход анхаарч ирсэн. Манай улс үндэсний боловсон хүчин бэлтгэж ирсэн баялаг түүхтэй ч нэг хэсэг энэ ажлынхаа эрч хүчийг сааруулсан. Үүний уршгаар тухайлбал, манай барилгын салбарт гаднаас хэчнээн хэмжээний ажиллах хүч авч байгааг та бүхэн бэлхнээ мэднэ. Өмсөх хувцсаа хийлгэхээр гаднаас хүн аваасай гэж хүсэхгүй биз дээ. Тиймээс мэргэжлийн боловсролын салбарт илүү их анхаарал тавьж, ур чадвартай сайн мэргэжилтнүүдтэй болох нь бидний зорилго.

Түүнээс гадна энэ тэмцээн 2017 онд болох Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөх оролцогчийг тодруулах эхний шат болж буйгаараа онцлог. Өнгөрсөн жил Бразилийн Сан Пауло хотноо болсон тэмцээнд манай залуус амжилттай оролцож, монгол мэргэжилтний ур чадварыг гайхуулаад ирсэн билээ. Та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм.

Хоёр дахь удаагаа болж буй энэ тэмцээнийг Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн санаачилгаар Хөдөлмөрийн яам, Бүсийн арга зүйн төвүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаа оёдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Дундговь, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Зүүнхараагийн МСҮТ болон Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж, Монгол-Солонгосын хамтарсан коллежийн нийт 18 багийн 30 гаруй багш сурагч оролцож, үйл урлах ур чадварыг хэн хамгийн сайн эзэмшсэн нь ялагч болно. 2014 онд болсон “Ур чадвар” тэмцээнд есөн сургууль оролцож, багш нар эрэгтэй костюм, сурагчид эрэгтэй брюк оёж ур чадвараа сорьж байсан гэнэ.

Оёдлын мэргэжлийн “Ур чадвар-2016” улсын уралдааныг ШУТИС, СУИС-ийн багш нар, “Бөртэ” оёдлын үйлдвэрийн мэргэжилтнүүд шүүж, “Монгол костюмс”, “Шилмэл загвар”, “Тэс эрдэнэ” зэрэг оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж ахуйн нэгжийн төлөөлөл ажиглаэгчаар оролцож буй аж.

Тэмцээнийг зохион байгуулагч Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав “Монгол Улсад мэргэжлийн боловсролын 81 байгууллага үйл ажиллагаа явуулж буйн 52 нь төрийн өмчийн сургууль. Тэдгээрээс 18 нь энэ тэмцээнд оролцож байгаа. Манай салбарынхан мэргэжилтэй ажилчин бэлтгэх гэхээсээ илүүтэй ур чадварын тухай ярьдаг болсон. Энэ бол мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжил шинэ шатанд гарсны илэрхийлэл юм” гээд  уралдааны явцад багш нарын дунд оёдлын салбар, энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжууд, төгсөгчдийн дараагийн шатны сургуульд хүлээн зөвшөөрөгдөх байдал, чадамжид суурилсан сургалтын тогтолцоо, мэргэжлийн нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөөтэй байх, мэргэжлийн нэгдсэн үг хэллэггүдтэй болох, аж ахуйн нэгжүүдийн сургалтын үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чанаржуулах зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөснөө танилцуулж байлаа.

Улсын хэмжээгээр оёдлын мэргэжлээр сургалт явуулдаг МСҮТ, Политехник коллеж 21 бий. Тэдгээрт энэ хичээлийн жилд 1700 хүн сурч буйн 650 нь ирэх хавар төгсөх юм. Оёдлын мэргэжлээр төсөгчдийн 88-90 хувь нь ажлын байраар хангагдаж чаддаг юм байна.

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж