Ээлжит бус чуулганыг хаалаа

2016 оны 2 сарын 19

УИХ-ын ээлжит бус чуулганаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд 94.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа ээлжит бус чуулганыг хааж байгааг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

Өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн төслүүдийг хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болж байна.

Онцлоход Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяанд тахарын албыг ажиллуулахаар зохицуулсан байна. Ийм зохицуулалт хийснээр зардал хэмнэгдэх аж.

Энэ асуудалтай холбогдуулж Д.Лүндээжанцан: УИХ хууль баталсан учраас зардал нэлээн шаардана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийг батлахаас аргагүй. Хэдий хэмжээний зардал шаардах тооцоо гарав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль гайгүй төвшинд боловсруулагдсан байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх хууль өчнөөн буцаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль нь эрүү, захиргаатай бүхий л зөрчил хамаарах учраас мэргэжлийн байнгын хороо энэ бүгдийг анхаарах ёстой гэсэн юм.


Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

2016 оны 2 дугаар сарын 19 

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс  хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хуульдаа бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудын хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сарын чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо. 

Ээлжит бус чуулганы хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье. Ажлын хэсгүүдээ ирэх долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийх хэрэгтэй. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж дууслаа. 

Ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүд та бүхэнд баярлалаа.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье. 


Прокурорын хуульд ҮХ давсан зүйл байхгүй гэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 87.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг байнгын хороо руу шилжүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Прокурорын эрх мэдлийг Үндсэн хуульд зааснаас өөрөөр тавьсан гэж яриад байгаад хариулт өгөхийг хүсэв. Хууль зүйн сайдын тайлбараар бол Прокурорын хуульд Үндсэн хуулиас давсан зүйл байхгүй аж.

Мөн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль сахиулах нь төрийн бүх байгууллагын үүрэг. Хуулийн төслийг харахаар захиргааны албадлагыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг шиг л юм харагдаад байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:  Ажил үүргээрээ хуулийг сахиулж байх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тахарын ерөнхий газар зэрэг тухайлсан байгууллагатай холбогдох хууль. Зөрчлийн хууль ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Тийм учраас энэ хуулийг яаралтай гаргах ёстой байгаа.

Санал хураахад дээрх хуулийн төслийг гишүүдийн 89.3 хувь дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.


Энэ чуулганаар татварын хууль батлахгүй гэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн 89.3 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү: НӨАТ-ын босгыг 3 хувь болгоод өгөөч гээд хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хэлэлцээгүй.  Одоогийн энэ төсөлд татварын тэгш зарчим туссан уу. Бүх хүн татвар төлөх үүрэгтэй. Ямар тохиолдолд татвараас чөлөөлөгдөх юм. Арбитрын тухай хууль удахгүй орно. Гадны хөрөнгө оруулагч гэж яриад байдаг, хэн ч байсан татвар төлөгч байх ёстой. Татварыг давуу эрхтэй нь төлдөггүй юм шиг. Улирал тутамд тайлан өгдөг асуудлыг яаж шийдэж байна. Санхүүгийн улирлын тайлангийн жилийг өөрчлөх санал татвар төлөгчдөд байдаг. Бусад оронтой харьцуулахад зөрүү байдаг.

Сангийн сайд Х.Болор: Бизнесийг дэмжсэн татварын шинэчлэл хийхээр НӨАТ-ын хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлуулсан. Хялбаршуулсан татварын хууль батлуулах шаардлагатай байгаа юм. Хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлчихээд хаврын чуулганаар батлуулах чиг барьж байна.

О.Баасанхүү: Санхүүгийн жилийн асуудал олон улсын жишигтэйгээ ч нийцдэггүй, үүнийг өөрчлөх шаардлага байна гэж үзэж байна уу?

Х.Болор: Хялбаршуулсан байдал руу орно. Хугацааны хувьд хэвээр байгаа, хэлэлцүүлгийн үед ярьж болох байх.

УИХ-ын дарга З.Энхболд: Энэ хуулийг хоёр жилийн өмнө өргөн бариад С.Баярцогт ажлын хэсгийг ахалж байсан. Сайд болонгуут Р.Амаржаргал гишүүн ажлын хэсгийг үргэлжлүүлж ахалж ажилласан. Цоо шинэ хууль биш шүү. Энэ чуулганаар татварын хууль батлагдахгүй.

Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн 89.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 86 хувь дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна