Оросоос хэн урвах вэ?

2016 оны 2 сарын 20

Shutterstock

 

Хөршүүдийг сонгодоггүй, тэдэнтэй нөхөрлөх эсвэл ядаж  тэгш холбоог барих нь чухал. Тайван байх нь дайтаж сөргөлдөхөөс хамаагүй илүү. Манай хойд хөрш хоёр жилийн турш хоригт, эдийн засаг нь хохиролтой, уур уцаартай байгаа болохоор оросууд ихээхэн хартай байгаа нь ойлгомжтой. Эртний олон жилийн найз Египет, Турк хоёртой сөргөлдөн дайн тулаанд хүрэхдээ тулсан нь үүнийг гэрчилнэ. Үүний бас нэг гэрч нь  мэдээллийн довтолгоон юм.  Америкчууд Путиныг авлигач гэв. Хэдхэн хоногийн дараа нь Оросын гол сувгаар “Эзэн хаан Обама” гэсэн сурвалжлага цацагдан америкчууд шиг их авлигач түмэн байхгүй болов. Путины авлигын талаар ВВС нэврүүлэг хийн Оросоос зугтсан олигархуудын амаар  түүнийг яриуллаа. Баримт нь тэр. Оросын “Россия” телевиз энэ  мэдээллийн дайнд дийлж явна. Тэр дайны зах зухад нь Монгол өртлөө. Байгаль нуурыг ширгээх гэсэн гол буруутан нь Монгол болов. Түүгээр ч барахгүй  монголчууд өөрсдөө  Усан цахилгаан станцыг бариулахдаа  байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар ул суурьтай үнэлгээг гаргаж чадахгүй гэж оросууд үзэв. Усан цахилгаан станцаас болж Монгол 2016 онд Оросоос урвах  гол орнуудын нэг нь болж байна. Газета.ру сайтын тоймч  Рустем Фаляхов  өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Монголыг Оросоос урвах  орон гэж нэрлэсэн өгүүллийг нийтлүүлээд түүнийгээ тайлбарлажээ. Үүнээс бараг сарын сарын дараа Алексей Топалов гэдэг өөр нэг тоймч  Монгол Хятадын мөнгөөр бидний Байгаль нуурыг ширгээнэ гэжээ. Одоо Рустем Фаляхов  хэрхэн  Монголыг урвагч болгосныг тодруулъя.

 

Монгол Байгалийг хатаана

 

 

Монгол Улс Сэлэнгэ мөрөн түүний цутгалангууд дээр далан барьж, Шүрэнгийн усан цахилгаан станцын цувааг босгохоор шийджээ.  Асуудлын гол нь Сэлэнгэ мөрөн Байгаль нуурыг усаар хангах гол цутгалан байгаад оршино. Сэлэнгэ мөрөн  нуурыг усаар тэтгэдэг  юм.

 

2015 оны есдүгээр сард хэт халснаас Байгаль нуурын усны төвшин өмнөх жилийнхээсээ 24 см-аар буурсан байв. Сэлэнгэ мөрөн дээр далангууд барих нь  Байгаль нуурыг усгүй болгон Буриадын экологийн системд хор хөнөөл үзүүлэх бөгөөд магадгүй Ангарскийн усан цахилгаан станцуудын цувралын ажиллагааг бусниулж болох магадлалтай.

 

«Гринпис» ба «Хил хязгааргүй гол мөрнүүд» гэх экологийн байгууллага Монголын төслийг  хаалгах тухай асуудал тавиад байгаа. Энэ асуудлыг авч үзнэ гэдгээ Владимир Путин амласан юм. Гэтэл УЦС бариулах нь Монголын хувьд цахилгааны хомсдлыг арилгах, Хятадад цахилгаан нийлүүлэх амин чухал хүчин зүйл болж байна. Үүний зэрэгцээ Сэлэнгэ мөрний усны хэсгийг говь руу  урсуулан усжуулахаар төлөвлөж буй. БНХАУ-тай хамтран  тэнд “Хятадын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэх юм.

 

Төслийн санхүүжилтэд  Дэлхийн банк, Хятадын банкууд, Францын компани оролцож байгаа. Сөргөлдөөн  даяарчлалын төвшинд  гарч байгаа гэдэгт Буриадаас Төрийн думд суугаа депутат Михаил Слипенчук итгэлтэй байна хэмээн Рустем Фаляхов бичжээ.

 

Рустам Фаляховын  бичснээр, Оросоос урвах орнуудад Финлянд, Швед эхлээд орж байна. Финнүүд хилийг унадаг дугуйтайгаар нэвтрүүлэхгүй гэсэн байв. Тэр нь дүрвэгсдийн асуудалтай холбоотой ажээ. Эдгээр орнуудад дүрвэгсдийн тоо  хөрштэй нь муутгах хэмжээнд хүрчээ.

 

 

Хоёр орны  ногоонтнууд Оростой хамтарсан Атомын цахилгаан станц барих төлөвлөгөөг нь зогсоохыг шаардаж байна. Нутгийнхан нь ч Ботническийн буланд АЦС-тай болохыг хүсэхгүй байна.

 

Дараагийн урвагчаар нь Черногори  оров. Тэр улсыг НАТО-д урьжээ.  Оросууд НАТО Оросын үндэсний аюулгүй байдалд занал хийж байгаа учраас Черногори улс нь бас тэр заналд багтжээ. Оросын бизнес тэнд хаагдаж байна.

 

Фаляков ундааны усны хомсдолоос Дундад Азид үүсч магадгүй дайны буруутны нэгээр Киргиз тодорч байна. Евроазийн холбооны босгонд таван ч удаа тулгарсан Киргиз  түүнд элссэний дараа Оростой сөргөлдөх болов. Киргизийн эрчим хүчний төслүүдэд Орос оролцоно гэж  итгэхгүй байгаагаа тус орны  ерөнхийлөгч Алмазбек Атамбаев хэлсэн учир Киргиз урвагч орон болсон аж.

 

 

Энэ жил эдийн засгийн  сөргөлдөөн хамгийн ихээр гаргах орнуудын  нэг нь Хятад болно гэж тэр тоймч өгүүлэв.  Орос Торгоны замын ихэнх хэсгийг нутгаараа өнгөрөөх хүсэлтэй гэтэл Бээжин Оросыг тойрсон  замуудыг туршин судалж байгаа аж.  Гэхдээ тоймчийн хэлснээр Орос, Хятад хоёр  сөргөлдөөнөөс зугтах бөгөөд харин эдийн засгийн  мэдэгдэхүйц үр дүнд хүрэхгүй хэмээн Фаляхов бичив.

 

Орос бараг бүх хөрштэйгөө сөргөлдөөнтэйг тэр хэлж байна. Украин, Румын, Молдав, Балтийн орнууд, Польш энд багтаж байна. Их Британитай бас муу харилцаатай. Японтой ч  газар нутгийн маргаантай.

 

Иймэрхүү маягаар Фаляхов өөрийн тоймыг хийжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна