Хөнгөн үйлдвэрийнхэн ажлаа төлөвлөв

2016 оны 2 сарын 20

Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газраас  санаачлан энэ сарын 18-нд “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны байранд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр энэ онд хийхээр төлөвлөсөн ажил, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр боловсруулж буй журмын төсөл, төрийн худалдан авалтад чанар, стандартын шаардлага хангасан барааг нийлүүлэхэд анхаарах асуудал, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, борлуулалтад мөрдөх техникийн зохицуулалтын төслийн талаарх мэдээллүүдийг холбоодын төлөөлөлд өгсөн юм.

Мэргэжлийн холбоодын төлөөлөл уулзалтын үйл ажиллагааг сайшаан талархаж, тулгамдсан асуудлаа тодорхойлон дараа дараагийн уулзалтад мэдээлэн шийдүүлж хамтран ажиллахын чухлыг онцлов.

“Монголын мэргэжлийн холбоод”-ын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Аж үйлдвэрийн яамтай мэргэжлийн холбоодыг төлөөлөн байгуулсан санамж бичгийн талаарх мэдээллийг хийж, холбоодыг чадавхижуулах, аттестатачлах, төрийн зарим чиг үүргийг чадамжтай мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж ажиллахаар тогтож,  дараагийн уулзалтыг “Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл” хариуцан зохион байгуулахаар боллоо.

Дараагийн уулзалтаар салбар бүрийн тулгамдсан асуудлыг сонсч, Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийн талаар  санал солилцохоор тогтлоо.  

Уулзалтад Аж үйлдвэрийн яамны  Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Гэрэлчимэг салбарын мэргэжилтнүүдийн хамт, мэргэжлийн холбоодын талаас “Монголын мэргэжлийн холбоод”-ын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Монголын ноос ноолуурын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу, “Монголын Арьс шир үйлдвэрлэлийн  холбоо”-ны дэд ерөнхийлөгч М.Бат-Очир, гүйцэтгэх захирал Т.Баярсайхан,  “Монголын сав баглаа боодлын холбоо”-ны ерөнхий захирал н.Батмөнх, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны менежер Б.Билгүүн, “Монголын хувцас үйлдвэрлэлийн холбоо”-ны  ерөнхий захирал С.Сандийноров, гүйцэтгэх захирал М. Жаргалмаа, удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюунцэцэг, “Оёдлын нэгдсэн холбоо”-ны ТУЗ-ын гишүүн Ч.Буянбаатар, Г. Эрдэнэбилэг , “Эм холбоо”-ны Ш.Рэнцэн-Амгалан, “Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Пүрэвсүрэн,  “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн”-гийн захирал н.Төрмөнх нар оролцов.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна