Сугалаагаар хожсон мөнгө орж ирэхгүй байна гэв

2016 оны 2 сарын 20

Засгийн газрын харьяа 11-11 төвд өчигдөр иргэдээс 50 шахам санал хүсэлт иржээ. Эдгээрт энэ оноос эхлэн хэрэгжиж буй НӨАТ-ын хуультай холбоотой асуудал юм. Дээрх хуулиар иргэд НӨАТ-ын сугалаагаа бүртгүүлснээр мөнгө хожих болсон. Тэгвэл №1602192935 дугаарын зочин “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожсон.  Гэтэл энэ мөнгө нь одоо болтол орж ирэхгүй байна. Холбогдох Татварын газрын 1800-1288 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байна. Арга хэмжээ авна уу” гэжээ. Мөн цахилгааны төлбөрөө төлсөн атал хязгаарлаж тасалсанд гомдолтой байгаагаа иргэн №1602196482 дугаараар хэлжээ. Энэ тухай тэрээр “Баянгол дүүргийн 4-р хорооны Соот 3-ын 22 тоотын иргэн байна. Цахилгааны төлбөрөө төлсөн байхад цахилгаан хязгаарлаж байгаад гомдолтой байна. Иймд энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж өгнө үү” гэжээ. Мөн дараах санал хүсэлт ирүүлжээ. Үүнд:

№1602198292 Нисэх чиглэлийн автобус нь оройдоо ачаалал ихтэй цагаар хотруу явдаг чиглэлдээ бөөгнөрч байна. Анхаарч ажиллана уу. Номын сангийн буудал дээр нисэх чиглэлийн автобус хүлээж 1 цаг болдог. Нисэх багшийн дээд гэж явуулах боломж байгаа юу?.

№1602192811 Чингэлтэй дүүргийн татвар ил тодын тайланд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүсийг ялгаварлаж дугаар өгсөн нэрийдлээр авахгүй байна. Энэ ямар учиртай юм бэ?

№1602193708 Буянт ухаа 1-р хороолол нь байрны мөнгөний 50 хувиас их ус халаасны мөнгө гэж авч байна. Мөн СӨХ-ны мөнгө нь их гарч байна. Энэ ямар учиртай вэ.

№1602197225 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн оноо хасах шинэ журам хэрэгжиж байгаа. Гэтэл Чингэлтэй дүүргийн 19-р хороонд шөнийн цагаар гэрлээ унтраасан хулгайгаар явж байгаа машинууд ихээр явах юм. Энэ асуудлыг шалгаж өгнө үү.

№1602191814 Арилжааны бүх банкнуудаар зээлийн хүүг буулгах тал дээр Монгол банк анхаарч ажиллах шаардлагатай байна. Иймд холбогдох газар нь уламжилж өгнө үү.

№1602198170 72 цагийн дотор НӨАТ-ын талон идэвхжих ёстой гэсэн.  Гэтэл 1 газрын 10 гаруй талон идэвхжихгүй байна. Холбогдох байгууллагаас нь лавлаж асуухад Татварын ерөнхий газраас лавлаж асуу гэсэн.  Гэтэл тус газрын  1800-1288 дугаар нь болохгүй байна. Өөр холбоо барих дугаар байхгүй байна. арга хэмжээ авч өгнө үү.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна