Н.Түвшинбаяр барилдана

2016 оны 2 сарын 21

21.00

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар, Г.Алтанбагана нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Л.Отгонбаатар "D" хэсгийг тэргүүлэн Ливан, Испани, БНСУ-ын бөхчүүдийг хожин хагас шигшээд үлдсэн ч Унгарын Кристиан Тотод хожигдсон. Г.Алтанбагана Тунис, Бразилын бөхчүүдийг хожин хэсгийн аваргын барилдаанд 2015 оны дэлхийн аварга БНСУ-ын Гваг Дун Ханд дийлдсэн. Манай бөх дагах барилдаанд олимпийн нэг, дэлхийн гурван удаагийн аварга Грекийн Илиадес Илиасыг торгуулиар яллаа.

Өнөөдөр барилдсан манай бусад бөхчүүдийн хувьд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гранпри тэмцээн Германы Дюссельдорф хотноо болж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 78 кг, +78 кг-ын жингийн барилдаанууд болно.

Энэ өдөр манай жүдочдоос:

Эрэгтэй:

90 кг: Л.Отгонбаатар, Г.Алтанбагана

100 кг: Н.Түвшинбаяр

+100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

78 кг: П.Лхамдэгд, М.Ууганжаргал

+78 кг: О.Жавзмаа нар барилдана.

Энэ жилийн хоёр дахь удаагийн Гранпри тэмцээнд дэлхийн 91 орны жүдочид өрсөлдөж байгаагаас Япон, БНСУ гурван алтан медаль хүртсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж байна. Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг/48 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар хүрэл медаль хүртэж, таван тамирчин шагналт байранд орлоо.

Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй М.Отгонцэцэг 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.

ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна