Хилчин бүсгүйд туслаарай

2016 оны 2 сарын 21

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хилийн цэргийн 0101 дүгээр ангид холбоочноор 15 жил ажиллаж, улс эх орондоо зүтгэсэн И.Пүрэвсүрэн нь элэг нэгт монголчуудаасаа хандив хүслээ. Түүний хувьд 100 хувь элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон учраас ард түмнээсээ тусламжийн гараа хүсэхийг гуйж байгаа юм.  И.Пүрэвсүрэн гэх энэ эмэгтэйн бие 2014 оны 12 дугаар сараас эхлэн муудаж, Улаанбаатар хотод ирж элэгний хатуурал гэсэн өвчтэй болсноо мэдсэн байна. Тэрбээр өвчтэй болсон хэдий ч эмчилгээндээ явахын зэрэгцээ албан үүргээ өвдсөн ч гэсэн хариуцлагатайгаар хийж ирсэн юм. Гэвч өнгөрсөн оны сүүлээр биеийн байдал дордож, нийслэлийн нэгдүгээр эмнэлэгт ирж үзүүлсэн ч элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй гэдэг хариултыг авсан байна. 2014 онд анх бие нь өвдөхөд элэгний өвчлөлийн хоёрдугаар шатанд явж байсан ч одоо дөрөвдүгээр шат хүртлээ мууджээ. Одоогийн байдлаар хоол унд идэж уухад хүндрэлтэй болж, үе үе элгээр хатгаж өвддөг, шөнө унтаж чадахгүй зовуурьтай байна. Элгээ өгөх донор хайсаар түүний төрсөн хүү нь таарч, ээждээ элэгнийхээ 50 хувийг өгөхөөр болжээ. Гэхдээ цаг хугацаа түүнийг хүлээхгүй, яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхгүй бол судас хагарч амь насанд нь аюул нүүрлэх учраас монголын ард түмнээс тусламж хүссэн юм.

Өвчин гэдэг хэлж ирэхгүй. Эрүүл саруул байхдаа ирээдүйн амьдралынхаа талаар олон сайхныг зөгнөн боддог байсан ч өвчинд нэрвэгдсэн хойноо эдгэнэ гэсэн итгэлийн гал нь бөхөөгүй явна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын нийт өртөг 85 сая төгрөг, одоогоор цуглуулсан мөнгө алга. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал дөрвөн жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн, амжилтгүй болсон тохиолдол байхгүй, мэс засалд орсон иргэд эрүүл саруул энх тунх амьдарч байна. Тийм ч учраас эдгэрэх бүрэн найдлага түүнд бий.

Түүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хилийн цэргийн 0101 дүгээр ангийнхан нь болон, түүний нөхрийн ажлын газар болох хилийн цэргийн 0243 дугаар анги нь чадах ядахаараа тусалж дэмжихээ илэрхийлжээ. Мөн аймгийнх нь хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хамт олон ч бас туслалцаа үзүүлжээ. Хамгийн гол нь сайхан сэтгэлтэй монголчуудаасаа тусламж хүсэж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг чин сэтгэлээсээ гуйж байна. И.Пүрэвсүрэнгийн хувьд өвчин нь эдгэрвэл ажилдаа хурдан орж, эх орныхоо энхийн манаанд зогсох чин хүсэл эрмэлзэлтэй байна.

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна