Алтан гургалдай торонд жиргэдэггүй

2016 оны 2 сарын 22

Гурван сар  зургаан хоногийн дараа Хүүхдийн баяр болно. Чихэр шоколад, цэцэг жимсээр хүүхдээ “хуураад өнгөрдөг” монголчууд Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа дөнгөж л сар шинийн  өмнөхөн, намрын чуулганы сүүлийн  өдөр шинэчлэн  баталсан  юм.

Өмнөх хууль нь  амьдралаас хоцрогдсон, хэтэрхий материаллаг шинжтэй байсныг өөрчилж, шинэ хуульд  хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар нь хамгаалах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлж өгснийг  УИХ дахь эмэгтэй  гишүүд тайлбарлав.

Таван бүлэг, 40 орчим заалт бүхий  уг хуульд хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулахаар тусгажээ.

Хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү архи уугаад эрүүлжүүлэхэд орсон ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг хэдэн жилийн өмнө гарч байлаа.

Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд дөрөвхөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн, таван настай хүүгээ заазуурдсан, 16 настай хүүг олон жилийн турш амбарат хорьсон, хоёр настай охиноо хазалж тамалсан гээд хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн хэргүүд Монголын нийгмийн цочролд оруулж, цоожтой хаалганы цаана үйлдэгдэж байгаа бяцхан иргэдийн асуудлыг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсан юм. Үүний ачаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж,  ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хуульд энэ тухай заалтыг оруулж өгсөн юм. 

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЖ БАЙГААГ МЭДЭЭЛЭЭГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Цоожтой хаалганы цаана уйлж байгаа хүүхдийг эрхийг хамгаалахад хөршийн үүрэг оролцоо чухал юм байна гэдгийг монголчууд одоо ойлгодог болжээ. Магадгүй үүнд Монголын хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээний оролцоо их байгаа магтууштай.

НҮБ-ын гаргаж, манай улстөрчдөд сануулга болгон илгээсэн нэгэн судалгаанд  Монголын хүүхдүүдийн 45 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаар дурджээ. Энэ бол асар том тоо.  Тиймээс шинээр батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах хууль энэ чиглэлд илүү үр дүн гаргана гэж найдъя. Хүүхдийн эрхийн тухай суурь хуульд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талуудын үндсэн үүрэг, тэдний хоорондын харилцан хамаарлыг тодорхой болгож өгснийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа дурдав. Хуулийн хүрээнд  улсын статустай хүүхдийн байцаагч нарыг бий болгохоор судалж байгаа юм байна.   Хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнээс гадна сургууль, цэцэрлэг дээр зөрчигдөх тохиолдол олонтаа.

Шинээр батлагдсан хуульд хүүхдийн эрх зөрчигдөж буйг, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүргийг нь хуульчилж өгчээ.  Хэрэв хэн нэгэн хүүхэд хаана нэгтэй бие, сэтгэлийн зодуур шарх эдэлж байгааг харсан мэдсэн байтлаа холбогдох газруудад нь мэдээлээгүй бол хуулийн дагуу хариуцлага  хүлээнэ гэсэн үг . Хүүхдийн эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт бусад хуульд тодорхой заасан байна.

ХҮҮХДИЙН НАЙЗ-108

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие, сэтгэлийн зовлонгоо хэн нэгэнд хэлж чаддаггүй. Тэр тусмаа ээж, аавынхаа хүчирхийлэлд өртсөн жаалууд эмээ, өвөөдөө ч энэ тухай хэлдэггүй. Яагаад гэвэл “чамайг хүнд хэлбэл” гэсэн үгээр тэднийг айлгачихдаг болохоор тэр.  Одоогоос 15 жилийн өмнө анх 1979 гэсэн хүүхдийн тусламжийн утас Монголд ажиллаж эхэлж байжээ. Гэвч тусгай утас  нь тодорхой төлбөр шаардагддаг, зөвхөн ажлын өдрүүдээр алдаг оног ажилладаг, “зорилтот бүлэг” болох хүүхэд багачууд дугаарыг нь мэддэггүй байсан тул хүүхдүүд тэр болгон “зовлонгоо” тоочиж чаддаггүй байсан гэнэ.

Харин 2014 оны зургадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Мобиком” корпорацийн санаачлага, дэмжлэгтэйгээр “Хүүхдийн тусламжийн утас-108”-ыг нээн 24 цагийн турш, эх орон даяар, үнэ төлбөргүй ажиллуулснаар гэр бүл, сургуулийн хүрээнд гарч байгаа хүчирхийллийн талаар мэдээлэл өгдөг, мөн зөвлөгөө ч авдаг болсон гэнэ.  Энэ утас Монгол орны өнцөг булан бүрд амьдарч байгаа хүүхдүүдийн “сайн найз” нь болж чадсаныг  Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэлж байна.  Өнгөрсөн хугацаанд уг “Тусламжийн утас” 270 мянган амжилттай дуудлага хүлээн авсны 38 хувь нь зорилтот дуудлага буюу хүүхдийн эрхийн асуудал, харин  хамгийн сэтгэл сэртхийлгэм тоо болох дөрвөн  мянга нь “халуун” дуудлага байж. Өөрөөр хэлбэл хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж болохуйц нөхцөл байдлаас Тусламжийн утасны тусламжтайгаар урьдчилан сэргийлж чадсан гэсэн үг.

Уг утсыг ажиллуулснаар хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирохоос өмнө урьдчилан сэргийлэх эерэг үр дүн гарч байгааг  Хүүхдийн төлөөх үндэсний газрынхан онцлов. Утас нь үнэ төлбөргүй болсноор хүүхдүүд хичээлдээ явах, томчуудыг эзгүй хойгуур хэрхэн яаж хүчирхийлэлд өртөж байгаагаа “найздаа” чөлөөтэй, илэн далангүй хуучилдаг болсон гэнэ.  Энэ нь тэднийг гэр бүл болон сургуульд дээрх хүчирхийллээс хамгаалах хамгаалалт болж байгааг албаны хүмүүс дурдав.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй “Мобиком” корпорацийн энэ төсөл эрх зөрчигдөж, хаалттай хаалганы цаана уйлж байгаа Монголын мянга мянган ирээдүйд итгэл найдвар бэлэглэж байгаад талархууштай. Энэ бол хүүхдийн баяр, хичээлийн шинэ жил, ёолкноор хэдэн хүүхдийг чихэр жимс, дэвтэр номоор хуурснаас  илүү том буян билээ.

Уйлж байгаа бяцхан үрсийг шархалсан зүрхийг “хайраар” эдгээх, тэдний сэтгэл доторх том зовлонг хуваалцаж байгаа “ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС-108” өнөөдөр хүүхдүүдийн итгэж ханддаг, нууцаа дэлгэдэг чухал хийгээд сайн найз болж чаджээ.

Эцэст хэлэхэд, энэ дэлхийн хүүхэд болгон инээж байг. Хүүхдийг хайрла, Мөрөөдлийг бас Нарыг хайрла.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна