Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-1

2016 оны 2 сарын 22

Мэдсээр байж анхаарал алдаж, хэрэг мандаах хэнэггүй алдаа их байдаг. Хэнэггүй алдааг хэн хүнгүй л хийдэг. Наана гэхэд л ажилдаа дарагдсан, анзааргагүй сэтгүүлч Дорнод аймгийн “Д”-г бичихдээ хуруу нь хальтарч, хажуугийн “П”-г дарж  Порно од (Порнод) болгоод телевизээр цацчихна. Салхи шуурга “Төрийн банк”-ны “Т”-г унагааж Өрийн банк болгоно. Яарч сандарсан албан хаагч Тамгын газрын даргыг Тамын газрын даргаар томилно. Энэ бол бидний ярьдгаар техник алдаа юм даа. Мэдсээр байж мэдэлгүй алдчихсан яаруу сандруу хүмүүст  Яараад ялд унана.., Яарвал даарна..., Яарч хэлбэл үг алдана.., Яаруугийн осол олон гэсэн хэлц үгсийг сануулъя...

Мэдээжийн юмыг мэдэлгүй алддаг хэтэрсэн алдаатнууд байна. “Хээлтэй мэгж, өсвөрийн торой”-н зар, “Цаг агаарт зориудаар нөлөөлөх алба”-ны дарга, Соёл урлагын ажилчдийн өдөр”-ийн зурагт хуудас өчнөөн. Алдаагаа мэдээд, асууж лавлаад явдаг хүмүүс олон нь сайн. Харин алдсаныг нь хэлээд байхад “Минийх л зөв!” гэж зөрдөг юм уу, “Аа, муу үгийг яаж ч бичсэн яадаг юм бэ...” гэж боддог ч юм уу “ачааллаж байна, хэрэгслэлийн дэлгүүр” гээд байгаа нөхөдтэй учраа олж чаддаггүй ээ. Яая даа байз! Алдана алдана гэхэд ингэж алд дэлэм алдаж боломгүй...

Яахын аргагүй алдааг яагаад ч хийж болохгүй.

Ярилцах ёстой алдааг харин ярьж шийдвэл ямар вэ?

 

“Егөөтэй 99 тайлбар” номын “Алдааг ангилъя!” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна