Мэхт мэхэндээ

2016 оны 2 сарын 22

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Хаврын хавсарга эхэлсэн өдрүүдэд “Сэхүүн салхи” дууг санагдуулам үйл явдал өрнөж өндөрлөлөө. IX Богдын “Лагшин эрдэнэ”-тэй зэрэгцээд намын даргаа Шадар сайдад зүтгүүлсэн МАХН-ын “даган баясагчид” зэрэг нэмэхийн өмнөх түүхийг давтлаа. Ээлжит бус чуулганы хуралдаанд эрх баригчдыг УИХ дахь бүлгээрээ барьцаалж, МАН-тай “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх саналаар хаяад явчихаж мэдэх сэтгэлтэйгээ АН-ынханд харуулж, хайрандаа аргамжихыг ил далдаар сануулсан Н.Энхбаярын үйлдэл долоо хоногийн эхэнд эргэлзээгүй бүх зүйл түүний гарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. МАН ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж мэдэгдэн золголтоо үргэлжлүүлж, “Шударга” тодотголтой эвсэл өөх ч биш, булчирхай ч үгүй аашилж, эрх баригчид ИЗНН-ын ганц гишүүнтэй нийлэн найр наадам хэсээд явсан нөхөртөө замын хүнээр захиа дайж буй эхнэр аятай үр хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн зовлонгоор айлгах гэж үзсэн ч нөгөөдүүл нь тийм ч амархан гүйгээд ороод ирэхгүй нь мэдээж.

Өөр хүнтэй болсон ч өмнөхтэйгөө зууралдан буй золигийн явдалтан шиг Н.Энхбаяр эрх баригч, сөрөг хүчин хоёрын дунд жороолж, нэгээр нь “Шадар сайдад томилуулахыг дэмжинэ” гэж хэлүүлж, нөгөөг нь хаягдсан хүний сэтгэл гутралд оруулж, өөрийгөө өнөө хэр нь хүчтэй буйгаа мэдрүүлсэн. Ам мэхний хүчээр аархаж буй нь тэр. Гэтэл түүний эргэлзээгүй байр суурь долоо хоногийн төгсгөлд эргэлзээнд орж, бүр байнд ч үгүй, банзанд ч үгүй хоосон хоцров. Хэтэрхий бардам байсан түүнийг АТГ-ын дарга Н.Ганболдын мэдэгдэл байх ёстой газарт нь буулгах шиг болов. “Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна” гэх авлигатай тэмцэгчийн мэдэгдэл “эцэг” гэгддэг хүнийг эрх мэдэлд хүргэсэнгүй. Асуудал ингээд зогссонгүй. Шадар сайдад горилогч маань “Ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа” юмсанж.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг үйлдэл дээр нь барьсан АТГ-ынхан санхүү хариуцсан нарийн бичгийнх нь даргыг Ш.Шийлэгдамбын өгсөн мэдээлэлд нь үндэслэн байцааж буй гэдгийг мэдэгдсэн. Тэгэхээр П.Цогтбаатарт ял тулгахаас илүүтэй санхүү хариуцаж байсных нь хувьд байцааж буй болж таарлаа. Харин энэ бүхэн Н.Энхбаярт өгсөн “Дараагийнх нь та шүү” гэсэн сануулга юм биш гэж үү?! Сахил хүртээд шал дордов гэгч л энэ биз ээ.

Н.Энхбаярын тоглолт иймэрхүү байдлаар өндөрлөв. Гэхдээ бадарчин баярлах болоогүй. Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэрбээр тийм ч амархан улс төрийн тоглолтоо зогсоохгүй. Шархадсан араатан илүү аюултай. Дараагийн дайралт нь эрх баригчдыг илүү ч хүнд байдалд оруулахгүй гэх газаргүй.

Хамарсан хүрээ, өрнөсөн үйл явцаараа улс төрийн хүчнүүдийг өөр өөрсдийнхөөрөө ашигтайгаар эргүүлэх боломж олгоод байсан гол асуудал гэвэл Үндсэн хуулийн Цэцийн асуудал байлаа. Цэцийн тухай хууль болон Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан заалтууд Үндсэн хууль зөрчиж байгаа тул хэрэглэхгүй байна уу гэсэн утга бүхий албан бичгийг Цэцийн дарга Ж.Амарсанаа хууль тогтоох дээд байгууллагад явуулснаар асуудал, энэ хэрүүл эхэлсэн юм. Энэ маргаан эхнээсээ улстөржсөн байдлаар өрнөсөн. Цэцийн дээр хөх тэнгэр л бийг, Монголын дээрээсээ дөрөв дэх хүн гэдгээ тод чанга дуугаар хэлсэн Ж.Амарсанаагийн асуудал сөрөг хүчинд тоглолт хийж, чуулганыг гацаах гол шалтаг нь болсон. Тиймээс ч ээлжит бус чуулганд МАН-ынхан орохгүй байх гол шалтаг нь Цэцийн даргыг хэлэлцэх асуудал болов.

Бидэнгүйгээр асуудал шийдэгдэхгүй гэж даналзаж суусан МАН-ыг өөрсдийнх нь хэлдгээр “дарангуйлагч дарга” нь хүчийг нь дагуулаад хөнгөхөн тонгорчихлоо.

Ээлжит бус чуулганы хуралдааныг арайхийн бүрдүүлэн эхлүүлж чадсан УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг  хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах талаарх байнгын хорооны саналыг дэмжсэн. Санал хураалт болохоос өмнө З.Баянсэлэнгэ гишүүн горимын санал гаргасан ч Их хурлын дарга хүлээж аваагүй. Учир нь, түүний саналыг хүлээж авах хойгуур хэн нэг нь чуулганы танхимыг орхиод гараад явчихвал Цэцийн гишүүнийг эргүүлэн татах санал хураалт талаар өнгөрөх байлаа. Тиймээс ч түргэн уншлага уншиж буй аятай байнгын хороодын дарга нар асуудлыг амьсгаагүй шахуу дуржигнуулсан биз ээ.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бүх зүйл болоод өнгөрсний дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд оролцож “Цэцийн даргыг эргүүлэх татах хуулийн төслөөс бусад санхүүгийн хэлэлцээр, татварын хуулиуд нь цаг алдалгүй хэлэлцэж батлах ёстой хууль юм. Тиймээс манай намынхан төрийн ажлыг явуулах үүднээс хуралдаа оролцоод явж байна” гэсэн ч бүх нэгэнтээ тэдэнгүйгээр өрнөсөн.

Бүхнийг өөрсдийнхөөрөө шийдэж, чуулганд орж ирэхгүй, ирсэн ч завсарлага авч асуудлыг ашигтайгаар эргүүлдэг сөрөг хүчний оролдлого энэ удаад талаар болов. 

Учир нь, Цэцийн гишүүнийг эргүүлэн татахын тулд л Ээлжит бус чуулганыг зарласан байсныг анзаарсангүй бололтой. Ач холбогдлын хувьд нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж байсан Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд “Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье” гэснээр УИХ-ын дарга ээлжит бусаа хаалаа.

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг эс тооцвол энэ удаагийн ээлжит бус чуулган Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар өөрийг хэлэлцсэнгүй.

Мэхт мэхэндээ гэгчээр тэдний “хор” улам бүр нарийн болж, урьдчилан таахын аргагүй болж байна.

Өчигдөр хүчтэй байсан хүчин өнөөдөр өвдөг шороодож, ердөө цаг гаруйн өмнө тодорхой болчихсон барилдаан 180 хэм өөрчлөгдөж буй хаврын хувирамтгай энэ цаг үеийн байдлыг  тайлбарлахыг оролдсон Л.Нарантөгс.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна