Хинди номлогчийг цаазалжээ

2016 оны 2 сарын 22

 

Бангладешийн хойд хэсгийн Панчагарх дүүрэгт  хинди сүмийн номлогчийг цаазалж, өөр хоёр хүнийг шархтуулсан халдлагыг “Исламын улс” бүлэглэлийн дайчид үйлджээ. “Исламын улсын” бүлэглэлийн “Amaq” сонинд энэ тухай мэдээлсэн байна. 45 настай номлогчийг Ням гаригт /II.21/ гэртээ байхад нь буу, сүхээр зэвсэглэсэн хоёр эрэгтэй халдаж амийг нь хөнөөжээ. Түүнчлэн номлогчид туслахыг оролдсон хоёр хүнийг шархтуулсан аж.

 

Бангладешийн засгийн газраас “Исламын улс” бүлэглэл тус улсад байхгүй гэж мэдэгддэг. Гэвч исламын жихадууд өнгөрсөн есдүгээр сард Италийн тусламжийн ажилтан, аравдугаар сард Японы иргэн,  арваннэгдүгээр сард шийт сүмд халдлага үйлдсэн хариуцлагыг хүлээжээ.

 

“Исламын улс” нь  Ойрхи-Дорнодод исламын халифатыг байгуулахаар Сири, Иракийн газар нутгийг нэлээдгүй хэсэгт хяналтаа тогтоож, Ливид хүрээгээ тэлэхээр тэмцэж буй зэвсэгт бүлэглэл юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна