Хятадын зарим нислэг Монголын агаарын замаар дамжина

2016 оны 2 сарын 22

ИНЕГ-ийн дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17 -19 нд БНХАУ-ын Бээжин хотод ажиллан, тус улсын Тээврийн дэд сайд бөгөөд Иргэний нисэхийн удирдах захиргааны газрын дарга  Фэн Зенглин тэргүүтэй тус газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаад иржээ.

Уулзалтуудын үеэр хоёр талын Иргэний нисэхийн салбарын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагаанд гарч байгаа дэвшилт ажлууд, шинээр 7 дахь агаарын хаалга нээх асуудал, хоёр улсын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын чиглэлийн ажилтнууд хоорондын туршлага солилцох хамтын ажиллагаа, цаашид хэрхэн өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Ноён Фэн Зенглинтэй хийсэн уулзалтын үеэр хэд хэдэн чухал асуудлыг цохон ярилцжээ. Тухайлбал, БНХАУ-ын агаарын тээврийн дотоодын  нислэгийг Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх асуудал шийдэгдсэн нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд шинэ дэвшлийг авчирсан үйл явдал боллоо. Энэ нь манай улсын агаарын навигацийн үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагаанд өгсөн үнэлгээ юм.

Манай улстай хамгийн том агаарын орон зайгаар хиллэдэг, өнгөрөлтийн нислэгүүдийн ихэнх хувийг БНХАУ-ын хотуудаас эхлэлтэй, төгсгөлтэй нислэгүүд эзэлж, өнгөрөлтийн нислэгийн 27 орчим хувийг тус улсын агаарын тээвэрлэгч нар гүйцэтгэж байна.  Агаарын харилцааны чиглэлээр хамгийн чухал байр суурь эзэлдэг улсын нэг бол БНХАУ юм. Өнгөрсөн 2015 оны сүүлээс эхлэн манай хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын удирдах төвшинд удаа дараагийн уулзалтууд амжилттай зохион байгуулагдсаар байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Бээжин-Манжуур хотуудын хоорондох нислэг ПОЛХО-САРУЛ чиглэлээр долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэж эхлээд байна. Цаашид Хөх хот-Манжуур чиглэлийн нислэгүүд нэмэгдэн нисэхээр төлөвлөгдөөд байна. БНХАУ-ын талаас сүүлийн үед манай агаарын навигацийн үйлчилгээнд гарсан дэвшлийг анхааралтай ажиглаж, талархалтай байдаг талаар дээрх уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Манай улс ньагаарын зургаан хаалгаар тус улстай холбогддог. Эдгээр хаалганууд нь харилцан адилгүй ачаалалтайгаар ашиглагдаж  байна.

Эдгээр хаалгануудын ашиглалтыг сайжруулах талаар мөн санал солилцож,  хамтран ажиллахаар тогтлоо. Мөн шинээр 7 дахь агаарын хаалга нээх асуудлыг ч үргэлжүүлэн судалж ажиллахаар санал нэгдлээ.

Тус улсын AVIC International Aero-Development Corporation онгоц үйлдвэрлэгч компаниас шалгалтын нислэгийн зориулалтаар шинэ загварын Ю-12 агаарын хөлгийг авахаар харилцан тохиролцож, Санамж бичгийг энэ сарын 17-ны өдөр байгуулсан. Санхүүжилтыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх арга замыг судлах, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тус компанитай тохироод байна.  Энэ талаар мөн харилцан ярилцаж, дэмжлэг үзүүлхийг манай тал хятадын талд хүслээ.

Мөн уулзалтын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл агаарын торгоны замын төслийн зарим чиглэл манай улсаар дайрах тухай санал байлаа. Одоогоор нь энэ нь зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байна.

Уулзалтанд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Сүх-Эрдэнэ, хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Бумцэнд, ИНЕГ-ын Нислэг хөдөлгөөн удирдах газрын менежер Н.Доржсүрэн, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга К.Энхбаяр, Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Солонго, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн Бээжин хот дахь төлөөлөгч Э.Бадрал нар оролцлоо. Харин БНХАУ-ын талаас Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хан Жун, Агаарын тээврийн газрын дарга Лиу Зэнгиу, Нислэгийн хөдөлгөөний бодлогын хэлтсийн дарга Чен Шиангиан, Нислэгийн хөдөлгөөний удирдах товчооны дарга Чи Жинжун, Гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга Цай Гуошиан нар байлцав.

БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах захиргааны газрын дарга, ноён  Фэн Зенглин(CAAC administrator and vice minister FengZenglin) нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 27 нд энэ албан тушаалд шинээр томилогдоод байгаа юм. Тэрбээр өмнө нь Зам тээврийн болон харилцаа холбооны салбарт олон жил удирдах албан тушаалд ажиллаж байжээ.

ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа тэргүүтэй төлөөлөгчид Бээжин дэх томилолтын хугацаандаа мөн Нислэгийн хөдөлгөөний удирдах товчоо (ATMB)-нд ажил хэргийн төвшний уулзалтууд хийлээ. НХУГ-ын менежер Н.Доржсүрэн, НХҮА-ны дарга К.Энхбаяр нарыг тус товчооны дарга Чи Жинжун (ATMB, CAAC Director General) хүлээн авч уулзан ажил хэрэгч яриа өрнүүллээ. Энэ үеэр нислэгийн хөдөлгөөн удирдах газруудын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна