Ираны шигшээ баг 11 дэх удаагаа аваргаллаа

2016 оны 2 сарын 22

Энэ сарын 10-21-нд Узбекстан улсын Ташкент хотод болсон футзалын Азийн АШТ-ний финалд Ираны шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч орон Узбекстаныг 2:1-ийн харьцаагаар хожжээ. Ийнхүү Ираны баг 11 дэх удаагаа түрүүллээ.

Узбекстаны баг эхний  таван минутад хамгаалагчийн алдааг ашиглан, эхний гоолыг хийсэн ч Ираны багийн Мохаммад Кэзхаварз болон Годрат Бахадори нар дараалан гоолдсон юм. Тоглолтын хоёрдугаар үед аль аль нь гоол оруулж чадалгүй 2:1-ийн харьцаагаар Ираны шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Ираны багийн хувьд сүүлийн хоёр тэмцээний аваргын цомыг Японы шигшээ багт алдаад байсан.

Гуравдугаар байрны төлөө Вьетнам, Тайландын багууд тоглосон. Энэ тоглолтод Тайландын баг өрсөлдөгчөө 8:0-оор хожиж, хүрэл медальтай нутаг буцлаа. Уг тоглолтод дөрвөн гоол хийсэн Тайландын довтлогч Супхавит Тианклан нийт 14 гоолоор "Мэргэн бууч” боллоо. Түүний араас 11 гоолтой Ираны Хоссэин Таяби бичигдсэн.

Энэ удаагийн Азийн аваргад IV байр эзэлсэн Вьетнамын шигшээ баг шөвгийн наймд Японы хүчирхэг багийг хожин, нэгэн дуулианыг тарьсан юм.

ДҮН:

Алтан медаль: Иран

Мөнгөн медаль: Узбекстан

Хүрэл медаль: Тайланд

IV-X байр: Вьетнам, Австрали, Киргизстан, Япон, Ирак, Катар, БНХАУ

XI-XVI байр: Ливан, Тайвань, Саудын Араб, Тажикстан, Иордан, Малайз

Ж.ГҮЕГ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна